Монгол Улс шинэ нийгэмд шилжин орсноос хойш үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагууд албан ёсоор байгуулагдаж эхэлсэн нь 1990-д оны сүүл үе, 2000 оны эхэн үе юм. Анхных нь миний мэдэхээр америкийн хөрөнгө оруулалттай гэгддэг "Infohouse" компани. Дараа нь "Realtor", "Mongolian properties", "HouseNet", "Тэнхлэг Зууч" зэрэг компаниуд шил шилээ даран байгуулагдаж, сүүлийн үеийн баттай бус тоогоор 60 гаруй компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр арилжааны банк, зарын сонингуудын дэргэдэх борлуулах алба, хувь хүмүүсийг нэмбэл багагүй тоо гарах биз ээ.
Зах зээлийн ширүүн өрсөлдөөнд зарим нь дампуурч, зарим нь дэгжиж, нэрээ сольж, зүсээ хувирган сайнтай муутай янз янз байх шиг. Бүхнийг оролддог нэг хэсэг байхад, тодорхой сегментэд төвлөрч, улам мэргэшиж байгаа нэг хэсэг ч байна. Зуучлалын орлогоор амьдардаг нэг хэсэг байхад, зөвлөгөө өгч, хөрөнгө оруулах хэмжээнд хүрсэн хэсэг ч байна.
Анхдагч компани Infohouse сонсогдохоо больж, түүний араас "Ноён Үнэрч", "Future capital", "Real store", "Alfa&Omega", "Fimore", "Этерна" гэх мэт олон компани хаалгаа барьсан бол "Осмо", "Актив зууч", "Мастер пропертийз" зэрэг компаниуд хүч түрэн орж ирлээ. "HouseNet" компани нэрээ солин "Тунгалаг зоос" болж дахин хөл дээрээ тогтож байна. Хамгийн сүүлд "AIDA", "Таны шилтгээн" зэрэг компаниуд шинээр байгуулагдсан болов уу. Гэхдээ шинээр байгуулагдаж байгаа компаниудыг тодорхой үйл ажиллагаа явуулж, олонд танигдахаас наана ажиглах боломж их хомс байдаг билээ.
Зуучлалын компаниуд зөвхөн Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг газруудад нээгдсэн төдийгүй эдгээр орон нутгийн компаниудаас Улаанбаатарын компаниудтай сүлжээ болон хамтарч ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, зарим компанид франчайзингийн санал тавьсан нь энэ төрлийн бизнес улам хүчээ аван, өргөжиж байгаагийн илрэл юм.
Үйл ажиллагааг нь сонирхвол, "Осмо" компани хуучин орон сууц, хашаа байшин, жижиг ажлын байран дээр төвлөрч, танилцуулга сонин тарааж, MN25-р суваг телевизээр "Осмо" нэвтрүүлэг тогтмол явуулж байна. "Тэнхлэг зууч" компани нэг хоёр барилгын компанитай хамтран шинэ орон сууцан дээр төвлөрч, үүгээрээ дамжуулан мөн л шинэ орон сууцны мэдээлэл бүхий улирал тутмын "Тэнхлэг зууч 21" сэтгүүл гарган, 1922 лавлах утас ажиллуулж, С1 телевизээр "Шинэ байр" нэвтрүүлэг тогтмол явуулж байна. "House design" компани шинэ орон сууц борлуулахын зэрэгцээ интерьер, экстерьер чиглэлдээ илүү анхаарч, С1 телевизээр явуулдаг ижил нэртэй сонирхолтой нэвтрүүлэг нь хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болж чаджээ.
Ер нь телевизээр нэвтрүүлэг цацах нь зуучлалын компаниудын дунд моод болсон гэхэд болно. "Номин зууч" компани ТМ телевизээр, "Фужи Бик" компани ТV9 телевизээр гэх мэт. Хамгийн сүүлд "Дельта зууч" компани NTV телевизээр "House time" нэвтрүүлэг явуулж эхэллээ. TV5 телевизийн өөрийн бэлддэг "Үл хөдлөх хөрөнгө" нэвтрүүлгийг ч энд дурдахад буруудахгүй байх. "Этерна" -гийн нэвтрүүлэг гарч байгаад зогссон тул одоо UBS телевизэд орон зай байна даа.
"Мастер пропертийз" компани хөрөнгө оруулалтын чиглэлд илүү анхаарахын зэрэгцээ "Lux house-3" элит орон сууцны хагас борлуулалтыг авсан нь зах зээлийн тааламжгүй үетэй давхцан амжилт тааруу байгаа болов уу гэж ажиглагдаж байна. "Mongolian properties" компани гадаадын иргэдэд хандсан үйл ажиллагаа илүү явуулдаг нь мэдээж эзэнтэй нь (Lee Cashel) шууд холбоотой. Энэ компани Жайка, Дэлхийн зөн зэрэг манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг нь гадаад иргэдэд хөлслүүлэх орон сууцны зах зээлийн дийлэнх хувийг дангаараа эзэгнэхэд том түлхэц болдог нь дамжиггүй. Мөн тэд орон сууцны хоёр том төслийг хэрэгжүүлж байна. "UB Зууч" компани гадаад дотоод гэлтгүй түрээсийн орон сууцан дээр төвлөрч байх шиг байна.
Амины орон сууц, зуслангийн байшин, жижиг газрууд бүгдэд нь бага хэмжээтэй байдаг бол, ажлын байр, оффисын худалдаа, түрээсд анхаарал хандуулдаг компани ховор байна. Том хэмжээний газрын ихэнх нь хувь хүмүүст байдаг нь ховор бараа гэдгийг илэрхийлж байх шиг...
Энэ удаа би зуучлалын компаниудын үйл ажиллагааны ерөнхий чиг хандлагын талаар цухас дурдлаа. Харин дараагийн удаа тэдний ололт амжилт, зөрчил дутагдал, тэдэнд учирч буй бэрхшээлийн талаар бичих болно.

Сэтгэгдэлүүд:
Edniih haana baidiim boloo?
Сэтгэгдэл үлдээх: