1. Үнэ тодорхойлох
- Өөрөө бие дааж тодорхойлох
Эхний ээлжинд "зар мэдээ", "шуурхай зар" болон өдөр тутмын сонингуудын зарын буланг сайн судлах хэрэгтэй. Өөрийнхөө байртай ойролцоо гэж үзсэн байрнуудын зарыг ялгаж, утасдаж лавла. 1617 (16-17 цагийн хооронд энгийн утасны тарифтай), 1950, 1932, 1922 гэх мэтийн олон лавлах утаснуудаас өөрт боломжийн санагдсан 2-3 лавлахруу залгаж асуу. Интернет мэдээллийн сайтууд, bolod.mn, barilga.mn (өөрөө сайн мэдэхгүй бол найз нөхдөөсөө асуу) гэх мэт сайтуудруу орж сар тутмын үнэ ханшийн мэдээлэл олж үз.
Цуглуулсан мэдээллүүдээ нэгтгээд үзэхэд нэг тоо гарч таарна. Үүн дээр ойрын үед засвар хийсэн бол зарцуулсан мөнгөнийхөө 70 хувийг нэмээрэй. Хэрэв та 1 өрөө байр зарах бол 2-3 сая, 2 өрөө бол 3-5 сая, 3 өрөө бол 4-8 саяыг олж мэдсэн үнээсээ хасахад багцаагаар таны байрны зарагдах үнэ тодорно. Харьцангуй шинэ байр бол метр квадратын үнээс 10-20 $ хасахад бараг болох байх. Эцэст нь мэдээж өөрийн "ярилцах" үнийг нэмэж, дуудах үнээ тодорхойлно. Энэ бол мэргэжлийн бус "багцаа" үнэ гэдгийг санаарай.
- Үнэлгээчний тусламжтайгаар тодорхойлох
Багцаа биш яг нарийн зөв үнийг тодорхойлохын тулд мэргэжлийн үнэлгээчин, үл хөдлөх хөрөнгийн туршлагатай зуучлагчын үйлчилгээг авах хэрэгтэй болно. Тэд таны байрны нарийн ширийн үзүүлэлтүүдийг (байршил, нас, хийц, материал, давхар, талбай, өрөөний зохион байгуулалт, орчны дэд бүтэц гэх мэт) тооцож үзээд зөв үнийг тодорхойлж чадна. Хэрэв үл хөдлөх хөрөнгийн зуучлагч таны байрыг өөрөө зарах сонирхолтой байвал таны байр хурдан зарагдах боломжтой юм байна гэж ойлгож болно.
2. Зар өгөх
Зар өгөхдөө аль болох дэлгэрэнгүй байдлаар бичих хэрэгтэй. Үнээ заавал бичээрэй. Хэдий чинээ дэлгэрэнгүй, тодорхой зар өгнө, төдий чинээ танд амар байх болно. Аюулгүй байдлыг бодож хаяг, гэрийн утасны дугаар бичсэний хэрэггүй, гар утасны дугаар, и-мэйл хаягаа бичсэн нь дээр.
Боломжтой бол зарын сонингуудаас гадна өдөр тутмын сонингуудад зараа өгвөл зүгээр. Зарын сонинг зуучлалын байгууллагуудаас өөр захиалж уншдаг хүн бараг байхгүй, худалдаж л авна. Харин өдөр тутмын сонинг захиалагчид хэрэгтэй үед зарын буланг заавал хардаг. Бас интернетэд үнэгүй зар тавих боломжийг битгий алдаарай.
3. Хамгийн чухал үе
За тэгээд зараа өгсөн бол маргааш өглөө болтол хүлээнэ гэж тайвшрах хэрэггүй. Шинэ зар содон байдаг тул зарын сонины нүд чихнүүд дор нь рапортласны үр дүнд оройноос нь эхлээд зуучлалын үйлчилгээ санал болгосон, ченжүүдийн сонжиж сонирхсон дуудлаганд хариу өгөхөд бэлэн байгаарай. Ер нь орой ч бай, өглөө ч бай хамгийн эхний дуудлагууд ихэвчлэн ченжүүд, зуучлагчид байх магадлалтай, энэ бол тэдний ажил. Та тэдэнд аллергитай биш бол ярилцаж, саналыг нь сонсоход буруудах юу байхав, хэн хэндээ ашигтай санал тавих ч юм билүү.
Мэдээж байр идэвхтэй хайж буй боломжит худалдан авагчид байгаа. Гэхдээ тэд дараа нь залгана. Хэрэв та ярианых нь өнгөнөөс эдгээр боломжит худалдан авагчдыг ялгаж чадвал байраа зовох юмгүй зарж чадна. Яаж ялгах вэ гэж үү? Тэд үнэ байршилыг сонирхоод зогсохгүй, таны дургүйг хүргэж мэдэх наян юм асууна. Нэгэнт байраа зарахаар шийдсэн юм чинь тэвчээртэй байж, асуулт болгонд тайван, болж өгвөл дэлгэрэнгүй хариулвал сайн. Гэхдээ таны тэвчээрийг шалгах явдал утсаар ярих биш, харин өдрийн хэд ирж очиж байраа үзүүлэх явдал. Та үзүүлэх болгондоо энэ хүн авах нь гэсэн горьдлого тээсээр ядаргаанд орж мэднэ. Тоглоом биш шүү. Тэвчээр алдаж, сонирхсон хүний дургүй хүрмээр хэг ёг ярьж, хөмсөг зангидав!
Байраа үргэлж цэвэр цэмцгэр байлгаж, агаар салхи оруулахаа мартав. Эхний сэтгэгдэл их нөлөөтэй шүү.
Хамгийн гол нь таны найрсаг байдал. Зүгээр нэг үзүүлсэн болгоод гаргах биш, цайгаар дайлж, яриа хөөрөө өдөж, өөртөө татаарай. Хүмүүс ганц хоёр сая төгрөгний наануу цаанууг тоолгүй, "сайхан" хүнээс байр авах дуртай байдаг нь практикаар нотлогдсон.
Ганцаараа байр үздэг хүн гэж бараг байхгүй. Залуу гэр бүлийн хүмүүс байвал эхнэрт нь таалагдах илүү чухал. Эхнэртээ таалагдсан зүйлийг худалдаж авах дургүй залуу эр хүн гэж хаана байхав. Хөгшин хүмүүс харин эсрэгээрээ байдаг гэмтэй. Ер нь үзэж байгаа хүмүүсийн хэн нь илүү ярьж байна, тэр хүн шийдвэр гаргагч байх магадлал өндөр. За тэгээд байгаа байдлаасаа андашгүй дээ.
Боломжит худалдан авагч танд ямар ч санал тавьж болно. Тавьсан саналаас шууд татгалзаж хэзээ ч болохгүй. Дахин хэлье. Шууд татгалзаж хэзээ ч болохгүй. Бодож үзье л гээрэй. Үнэхээр ч бодож үзэх хэрэгтэй. Боломжгүй юм гэж хорвоод байхгүй шүү дээ. Байр, машин оролцуулъя, төлбөрийг нь хувааж төлье, банкны зээлээр авъя гэх мэт саналыг яршиг төвөгтэй, найдваргүй гэхээсээ илүү үнээ нэмэх боломж гэж үзэж болно. Энэ таны сонголт.
Байраа үзээгүй байж шууд авъя гээд үнэ хаяад эхлэвэл сэтгэлээ барьж тайвшраарай. Үзэхгүйгээр зөвхөн бэлэг л авдаг.
4. Гэрээ байгуулахын өмнө
Худалдан авагч олдож, үнэ ханшаа тохиролцон, гэрээ хэлцэлээ байгуулахаар тохиролцсоноор бүх юм боллоо гэж тайвшрах хэрэггүй. Худалдан авагчийн санаа хувирамтгай. Гэртээ хариад ёс юм шиг тэнд тийм байр авахаар боллоо гэж зарлахад үнэтэй байна, байршил нь онцгүй юм гэх мэтийн "үнэтэй" зөвлөгөө өгдөг их мэдэгчид олон гарч ирэх тул өглөө босохдоо санаа нь хувирсан байх нь цөөнгүй. Эсвэл гэнэт Солонгосоос ирэх мөнгө нь замдаа саатаж мэднэ.
Гэтэл энэ нөхрийг авна гээд явсан хойгуур бас нэг нөхөр авъя гээд шалаад эхлэвэл яах вэ. Алинд нь итгэх вэ, 2 туулай хөөх үү? Энэ байдлаас гарах нэг арга бол худалдан авагчаас хугацаандаа заавал авах баталгаа болгож, дэнчин буюу барьцаа авах. Дэнчин нь урьдчилгаа биш, авахгүй болсон тохиолдолд танд үлдэх, алдахад харамсах хэмжээний мөнгө байх ёстой. Авсан тохиолдолд байрныхаа үнэнд оруулж тооцно. Мэдээж бичиг баримт үйлдэх шаардлагатай.
Хоёр дахь нөхөр илүү үнэ санал болговол яах вэ? Танд нэг хүний дэнчин байгаа. Дэнчингийн гэрээнд та худалдахаас татгалзсан тохиолдолд дэнчин тавьсан хүнд хариу дэнчин төлөх заалт орсон бол шийдвэр гаргах амархан. Тэгээгүй тохиолдолд яах вэ? Тэгээгүй тохиолдолд таны хүн чанар л мэднэ дээ.
Энүүхэндээ гэхэд баруун зүүнээрээ өгч авалцтал их юм болно шүү.
Манайхны хамгийн их гаргадаг алдаа бол хэдэн хүн сонирхоод үнэ хэлэнгүүт миний байр хүмүүсийн сонирхлыг их татаж байна, үнэд хүрч мэдэх нь гээд гэдийчихдэг явдал юм. Хэсэг хугацааны дараа таньруу залгах хүн цөөрөөд ирэхээр аяндаа ойлгож эхэлнэ дээ.

Сэтгэгдэлүүд:
Гэхдээ миний таньдаг мөн үү биш үү сайн мээдкүү л байна
Байртай ч болоосой зарах юмсан хихи
Би байраа зарах гэсэн юм л даа, өөрөө зар өгөөд хүн ирж уулзаад авахаар болсон юм. Тэгтэл байрны бичиг баримт шилжүүлэхэд нилээн зардал гардаг гэх юм. Орлогийн албан татвар 2% гэнэ үү. Энэ талаар мэдээлэл өгөөч.
Хүндэтгэсэн: У.Болд
Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий гэж сайхан үг шиг өөрийн мэдлэг чадвараараа бусдад туслаж хэрэгтэй мэдээлэлийг хүргэдэг сайхан сэтгэлд тань талархая.
Таны ажилд амжилт хүсье!
biochemiker-д: Хүн хүний сонголт, үзэл бодлоос л хамаарна. Хувь хүний хувьд санал нийлж байна.
Сэтгэгдэл үлдээх: