Сүүлийн үед зурагт радио, сонин сэтгүүлийн нүүрнээс салахаа больсон "хямрал" гэдэг үгэнд би жаахан таагүй ханддаг нэгэн. Дэлхий нийтээрээ ярьж байхад Монголд ярихаас өөр аргагүй гэж хэлэх хүн захаас аваад олдох байх. Гэхдээ бас амны билэгтэй байвал зүгээр биш гэж үү?
Өөрийн бодолдоо хичнээн үнэнч байх гээд чадахгүй болж байна. Учир нь, энэ хямрал үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үнэхээр хаа сайгүй мэдрэгдэж эхэллээ. "Эхэллээ гэнэ шүү, эхлээд бараг жил болж байхад ямар мэдрэмжгүй амьтан бэ" гэж битгий яаран хэлээрэй. Мэдрэхийн хажуугаар ажигласан юм. Орон сууцны талаар надаар дуталгүй бичиж байгаа болохоор энд зөвхөн худалдаа үйлчилгээ, оффисын түрээсийн тухай товчхон дурдая.
Ард Аюушийн өргөн чөлөө, та бидний хэлж заншсанаар Хороолол бол Улаанбаатарын хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны төв гудамж гэдэгтэй санал нийлэх байх. Одоогоос наймхан сарын өмнө Минж плаза, Ахуйн үйлчилгээний ордноос Парадокс, Номин их дэлгүүрийн хооронд худалдаа, үйлчилгээний талбай, лангуу түрээсэлж авахын тулд эрж сурдаг байсныг мэднэ. Одоо тэгвэл гаднаа бичиж, сонингоор зарлаад ч түрээслэгч олоход хүнд болжээ. Нарлаг, Алтан төгрөг, Гоёл төв, Пони шоп... бараг та хүссэн газраа түрээсэлж болно.
Энх тайваны өргөн чөлөө, Улсын Их Дэлгүүрийн орчим мөн л хамгийн эрэлттэй байдаг. Энд ч ялгаагүй түрээслэгчээ хайдаг болж. УИД-с баруун тийшээ Центрпойнт, зүүн тийшээ Цэцэг төв хүртэл танд талбай хэрэгтэй бол удаан хайлтгүй олдоно.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоож байна гэдэг ямар нэг байдлаар хямрал нөлөөлж байгаагийн шинж. Харин оффисын түрээсийн хувьд байдал арай өөр.
Рокмон, Бармон баригдаад 3-4 жил болоход дүүрсэнгүй. Хотын захиргааны шинэ байр ашиглалтанд орсноор "өндөр цэнхэр" суларлаа. МХАҮТанхим өөрийн байртай болсноор хуучин байранд нь мөн л том зай гарлаа. Том том зарлал тавьж, хамтран ажиллах санал тавьж байгаа ч энэ том барилгууд мөддөө дүүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. Удахгүй МCS, Моннис, Алтай констракшны оффисууд ашиглалтанд орно. Араас нь залгаад M&G констракшны Blue Sky (барилгын ажил нь зогсоод удаж байгаа), Сандэй констракшны Peace Tower баригдаж дуусах байх. Эдгээр томоохон барилгуудаас гадна жижиг барилгууд хаа сайгүй баригдаж, түрээслэгчдээ хүлээсээр байна.
Талбайн баруун талын МҮЭХ-ны байр, Монкорд, Монроимпексийн байранд сул өрөө байж л байна. Жигүүр Грандын оффисууд, СБДүүрэг орчим, Яамнуудын эргэн тойрон хамгийн эрэлттэй газруудад шинэ, хуучин оффисууд байж л байна.
Нэг үгээр хэлбэл оффисын зах зээл дээр хямралаас гадна илүүдэл болж байна. Зах зээл дээр илүүдэл болохоор яадаг билээ?

Сэтгэгдэлүүд:
Завтай үедээ бусдыг уншихаар явлаа.
Сэтгэгдэл үлдээх: