2005 оны зун болсон явдал. Миний бие риэлтор болоод удаагүй, туршлага нимгэн байх үедээ Монголын нэгэн томоохон алтны компанийн дэд захиралын 2 өрөө байрыг зарахаар болсон юм. Сонирхуулж хэлэхэд, 220 мянгатын 24-р байрны 4 давхарт байрладаг, өө хэлсэн хүнд бага зэргийн засвартай байрыг тухайн үеийн ханшаар дундаж буюу 25 саяд зарсан санагдана. Гэхдээ энэ миний өнөөдрийн хэлэх гэсэн гол зүйл биш.
Уг байрны жинхэнэ эзэд нь АНУ-д амьдардаг, мань захиралын дүү нар байсан бөгөөд ахынхаа нэр дээр итгэмжлэл бичиж явуулсан байлаа. Итгэмжлэлийг үзээд би ямар нэг үг үсэг, утгын алдаа олоогүй учир байрны гэрчилгээг эх хувиар нь үзэж, ямар нэг барьцаанд тавигдаагүй болохыг гэрчилсэн лавлагаа авсны дараа гэрээгээ байгуулж, ажилдаа шуудран орсон юм.
Бүх юм ном журмын дагуу явагдаж, 6 хоногийн дараа худалдан авагчаа оллоо. 220 мянгатын байрнууд гайгүй эрэлттэй байдаг нь нөлөөлсөн үү, миний аз дайрсан уу мэдэхгүй, АНУ-д байдаг манай улсын нэг төлөөлөгчийн газар ажиллаж байгаад ирсэн гэх 35 орчим насны эмэгтэй үзэнгүүтээ, яг энэ хавьд байр авна гэж мөрөөддөг байсан гэх зэргээр нэлээн "халж" байгаад шууд авахаар болсон юм. Би ч баярласандаа тэр дор нь захиралруу утасдан, нотариат дээр уулзахаар цаг болзож, ирээдүйн байрны эзэнтэй гар барин саллаа.
Үнэнийг хэлэхэд баян захиралаас жаахан сүрдээд ч тэр үү, уулзахаар биеэ бариад нэг л яриа эвлэж өгөхгүй, жоохон хүүхэд шиг толгойгоо маажих нь холгүй байдалд орж, олигтой ч харж чаддаггүй байлаа. Гурвуулаа нотариат дээр ирж, бичиг баримтаа дэлгэж байхдаа гэрээ байгуулахын өмнө захирал намайг сонжсон байртай харж харж "зуучлалын компанийхан зараад өгнө л гээд байдгийн, одоо хэр хурдан шуурхай зарж чадахыг чинь харъя даа" гэж ёжтой хэлж байсан нь санаанд орж, их л сэтгэл хангалуун сууж байлаа.
Гэтэл нотариат бичиг баримтуудыг үзэж байснаа гэнэт "энэ итгэмжлэл чинь хүчингүй юм байна" гэх нь тэр. Би ихэд гайхаж, яагаад хүчингүй гэж, бүгдий нь зөв бичсэн байгаа биз дээ гэх зэргээр урсгаж гарснаа санаж байна. Нотариат "утгын хувьд алдаагүй зүгээр байна, харин энд консулын тамга алга" гэдгийн байна. Учрыг сайн олоогүй би нотариатаас баахан юм шалгааж, бараг хүчээр болгох гэж зүтгэлээ. Ярьж ярьж дахиж итгэмжлэл авахаас өөр аргагүй гэдгийг ойлгож, би урамгүй, захирал ууртай тэндээс гарлаа. Захирал ажлаа мэддэггүй надад уурласан нь мэдээж.
За одоо тайлбартаа оръё. Захиралын дүү нар итгэмжлэл хийж өгөхдөө АНУ-д суугаа манай элчин сайдын яаман дээрээ очиж гэрчлүүлж, тамгалуулсан боловч нааш нь илгээхдээ элчингийн шугамаар биш, хувийн факсаар явуулсан байж. Факсаар явуулсан бичиг хар гарах нь тодорхой тул элчин сайдын яамны улаан тамга хар тамга болж таарна. Ингээд л хүчингүй болсон хэрэг. Үүнийг би үнэндээ мэддэггүй байсан юм. Зүй нь тэд нар итгэмжлэлээ шуудангаар явуулах ёстой, эсвэл элчингийн шугамаар нааш нь факсдах байж л дээ. Элчингийн шугамаар факсдсан бол энд гадаад яаман дээр хүлээж авангуут яамны консулын газар давхар баталгаажуулж, тамга дардаг юмсанж.
... Гарч явахдаа байр зарах ч өнгөрөв бололтой, одоо энэ хүүхэн яах бол гэж бодон асуухаас халгаж байтал харин нөгөө хүүхэн чинь "би тийшээ (АНУ) яриад хурдан бүтээхийг бодъё" гэдгийн байна. Миний баярласан гэж. Маргааш өглөө нь бүх юм жин тан болж, гэрээгээ байгуулан, оройдоо байраа хүлээлцэн, мөнгө төгрөгөө өгч авалцаад дууслаа. Тэрний маргааш захирал намайг ажил дээрээ дуудан, ирж мөнгөө (зуучлалын гэрээгээр тохирсон шимтгэл) ав гэхэд би 10 минутын дараа өрөөнд нь сэтгүүл шагайсан шиг сууж байлаа. Захирал баахан бичиг цаас нухаж байснаа, за залуу наашаа суу гээд намуухан эхэлснээ "нам авдаг" байгаа. Чи үнэндээ үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн хүн шиг ажиллаж чадсангүй, мэргэжилтэн хүн бүгдийг мэддэг, урьдчилан хардаг байх ёстой, чамаас болж хэлцэл нурах шахлаа, үнэндээ худалдан авагчийнхаа хүчинд зарлаа, тийм учраас би чамд өгөх ёстой мөнгөө бүрэн өгмөөргүй байна, тэр нь шударга тийм биз дээ гэлээ. Надад олигтой хэлэх үг олдсонгүй. Дэмий л амандаа бувтнах шахан, би сайн мэдэхгүй байна, та манай компаний захиралтай яривал зүгээр байх гэх маягийн юм хэлж бултах гэсэн чинь тэгье л дээ гэдэг байгаа. Тэгээд шууд манай компаний захиралруу залгаж манийгаа "матангуутаа", мэргэжилтэн ямар байх ёстой талаар дахин лекц уншиж өгөөд утсаа тавьсан даа.
Үнэндээ түүний зөв байсан бөгөөд энэ явдал надад маш том сургамж болсон юм.
Эцэст нь хэлэхэд гадаадад (ялангуяа Англид) суугаа манай элчин сайдын яамны ажилтнууд тэр болгон хууль эрх зүйн мэдлэг сайтай байдаггүй тул итгэмжлэлийн эх загвараа сайн бэлдэж байхыг зөвлөж байна. Шууд элчин дээр бичсэн итгэмжлэлүүд утга агуулга, техникийн шаардлага хангахгүй буцаж байсан тохиолдол цөөнгүй байдаг. Тэр дотроо хамтран эзэмшигч хүүхдүүдийн овог нэр, гарын үсэгтэй холбоотой асуудлууд хамгийн их байдаг юм.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: