Европын хамгийн үнэтэй зочид буудал

Mardan Palace

Оросын АСТ групп энэ 6 сард Туркийн Анталья хотод, Газрын дундад тэнгисийн эрэг дээр ер бусын гайхамшигтай тансаг зочид буудлын комплекс нээх гэж байна. Энэхүү зочид буудлыг барихад АСТ группын эзэн Тельман Исмаилов 1,4 тэрбум доллар зарцуулсан нь Европын хамгийн үнэтэй зочид буудал болжээ.

    Тельман Исмаилов оросын жижиглэн худалдааны анхдагчдын нэг юм. Тэрээр анхны дэлгүүрүүдээ Москвад 1980-аад оны сүүлээр нээж байжээ. Дараа нь Лужникийн цэнгэлдэх хүрээлэнг асар том зах болгож, Черкизовд бас нэг зах нээж байж. Үүний дараа хөвгүүдийнхээ нэрний эхний үсгээр нэрлэсэн түүний АСТ групп өөр салбарлуу орсон байна.

    АСТ группын орос дахь бизнес нь Москвад төвлөрч, хэвлэл, ресторан, үнэт эдлэл, барилга, зочид буудлын бизнес зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд АСТ нэртэй хэвлэлийн үйлдвэр, Прага, Военторг ресторан, Москва болон Туркт хэд хэдэн зочид буудал эзэмшдэг аж.

    Исмаилов амьдралынхаа туршид оросын "Ведомости" сонинд 2007 онд ганц удаа ярилцлага өгөхдөө түүний компани Туркт таван жижиг зочид буудал барьсан, одоо Антальяд 500 гаран сая долларын өртөгтэй зочид буудлын комплекс барьж байгаа гэж ярьж байжээ. Английн The Times сонинд бичсэнээр шинэ тансаг зочид буудал бэлэн болсон бөгөөд 2009 оны 6 сарын 1-ээс ажиллаж эхлэх юм байна. Харин анх төлөвлөж байсан 500 сая доллар нь гадна дотно засал, хэрэгцээт тавилга материал худалдаж авах зэрэгт  өссөөр 1,4 тэрбум доллар болжээ.

 

             Тельман Исмаилов шинэ бизнесээ гэр бүлийнхээ нэг гишүүний нэрээр нэрлэдэг уламжлалаа сахин, энэ удаа аав Марданыхаа нэрээр зочид буудлаа MARDAN PALACE гэж нэрлэсэн байна. Энэ нь түүний Европыг хамарсан зочид буудлын сүлжээ байгуулах эхлэл болж байгаа ажээ.

     Зочид буудлыг барихад нийт 10 мянган м2 алтан түрхэц (сусальное золото), 500 мянган ширхэг болорын талст, 23 мянган м2 италийн гантиг оржээ. Газрын дундад тэнгисийн эрэг дагуух хамгийн том цэнгэг устай бассейнуудын  нэг болсон 2 га талбай бүхий бассейнд хэдэн мянган загастай аквариум суурьлуулсан байна. Бассейны дээгүүр Леонардо да Винчигийн зургаар хийсэн гүүрүүд барьж, усанд нь зорчигчдын гондол (венецийн) завинууд тавьжээ. Наран шарлагын газартаа Египетээс 9000 т нарийн элс тусгайлан зөөж авчирсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Комплекс дотор олон үндэстний хоол бүхий 11 ресторан, дэлхийн хамгийн шилдэг винонуудыг хадгалдаг зоорь, 3 давхар шөнийн клуб, 14 баар, аварга том усан оргилуурууд, гольф, боулинг, теннисний талбай, гимнастикийн танхим, төрөл бүрийн спа-салон, амфитеатр, кинотеатр, цэцэрлэгт хүрээлэн байдаг байна. Тансаг зочид буудалдаа Исмаилов зах байгуулахаа ч мартсангүй, Стамбулын шуб зардаг их захын хуулбарыг байгуулсан байна.

     Mardan Palace нийт 560 өрөөтэй. Хамгийн тансаг өрөөнүүд нь нэг шөнийн 19 мянган долларын үнэтэй. Ийм өрөөнд бүх юм нь байж боломгүй тансаг байх нь мэдээж. Хувийн бассейн, концертын төгөлдөр хуур, асар том телевизор, алсын удирдлагатай жорлон гээд л. Хоёр хүний хамгийн хямдхан өрөө 475 долларын үнэтэй (The Times).

     Зочид буудлаа Тельман Исмаилов өөрийн үзэмжээр барьжээ. Тэр өөрөө олонд нэрд гараагүй ч үнэтэй чамин тансаг зүйлд дуртай нэгэн гэнэ. Түүний хувийн онгоцны дотрыг  алтаар бүрсэн ба 50 насныхаа ойгоор Женнифер Лопес, Марк Энтони нарыг урьж дуулуулж байжээ.

 

Тельман Исмаилов "Ведомости" сонинд өгсөн ярилцлагадаа "Прага" рестораныхаа тухай ярьсан хэсэг:

-          "Прага"-тай миний залуу насны бүх амьдрал холбоотой. Би тийшээ 1976 оноос хойш очиж байгаа. 20 насны төрсөн өдөр, дипломны угаалгаа тэмдэглэж байсан. Миний олон найзууд тэнд ажилладаг байлаа. 90-ээд оны дундуур рестораныг дуудлага худалдаанд оруулсан юм. Шведийн нэг компани худалдаж авахыг маш их хүсэж байсан л даа. Рестораны ажилчид ч тэр, би ч гэсэн тэдэнд алдахыг хүсээгүй учраас би шведүүдийн санал болгосон үнийг давуулан хэлж, ресторанаа худалдаж авсан юм. Рестораны зарим хуучин ажилчид одоо АСТ компанид захирал хийж байгаа. Ресторанаас тэтгэвэрт гарсан хүн бүхэнд насан туршид нь цалинг нь олгож байх тусгай тушаал гаргасан.

-          Танаас "Прага"-г худалдаж авахыг оролдож байгаагүй юу?

-          Оролдож байсан шүү. Одоо ч гэсэн Sotheby's дуудлага худалдааны төв 250 сая доллар санал болгож байгаа. Энэ байшинг Москвагийн зүрхэнд байдаг түүхэн дурсгалт барилга гэж ярьцгаадаг. Гэхдээ би "Прага"-г хэзээ ч зарахгүй. Энэ бол миний амьдралын түүхийн нэгээхэн хэсэг. Орой болохоор найзууд, урт палаажтай хүүхнүүд байдаг онцгой уур амьсгалтай сайхан бааранд орох надад таалагддаг юм. Энэ бүхэн их сайхан. Гэхдээ ямар ч ашиггүй шүү. "Прага" надад ашиг өгдөггүй цорын ганц төсөл...  Зүгээр л сэтгэлийн таашаал авдаг газар юм.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-05-09 03:47:08
hooh uneheer tansag ed bainaa
2. Монгол Зон | 2009-05-09 03:53:58
tanil yum gej setgeld dotno shuu.
3. Namara | 2009-05-16 17:50:14
Сайхан эд байна.
4. BMR | 2009-07-06 23:45:34
hooooh
nadad shat ni ih taalagdlaa
sonirholtoi

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog