Бидний хэлж заншсанаар үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид (үл хөдлөх хөрөнгийн агент, риэлтор, реалтор, брокер гэх мэт олон янзаар нэрлэдэг) хэр хэмжээний орлоготой байдгийг тоймлон сонирхуулъя гэж бодлоо.
Зуучлалын хөлсний хувь хэмжээг зохицуулсан хууль тогтоомж манай улсад байдаггүй бөгөөд Иргэний хуулийн 411-р зүйлд зуучлалын онцгой эрхийн гэрээг зөрчсөн тохиолдолд нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг заасан хоёрхон заалт бий.
Иймээс манай зуучлалын компаниуд өөрсдийн тогтоосон стандартын дагуу борлуулалтын төрлөөс хамааран, хэлцлийн үнийн дүнгээс 0,5-10 хувийн зуучлалын хөлс авч байна. Шинэ орон сууцнаас хамгийн бага 0,5-1 хувь, хуучин орон сууцнаас 0,8-1 хувь, ажлын байрнаас 3-5 хувь, газраас 3-10 хувь, түрээсийн байрнаас сарын 5 хувь гэх мэт.
Зуучлалын компаниуд зуучлагчдаа ихэвчлэн хоёр янзаар цалинжуулдаг.
Нэгдүгээрт, орлогоор нь буюу тухайн зуучлагч өөрийн хөдөлмөрөөр компанид оруулсан орлогын тодорхой хувийг өгдөг. Энэ нь ойролцоогоор 10-50 хувь байна. Жишээ нь, 60 саяын үнэтэй байр зарлаа гэхэд 1 хувийн зуучлалын хөлс нь 600 мянган төгрөг, үүний 10-50 хувь нь 60-300 мянган төгрөг болно. Уг байрыг зарахад гарсан зардалыг компани гаргасан бол зуучлагчийн авах хувь бага, зуучлагч өөрөө гаргасан бол авах хувь нь өндөр байдаг.
Хоёрдугаарт, үндсэн цалин дээр бонус буюу компанид оруулсан орлогоос хувь нэмж олгодог. Энэ тохиолдолд бонус нь 10-20 хувиас хэтрэхгүй. Үндсэн цалин нь 150-200 мянга орчим. Гэхдээ үндсэн цалин өгдөг компани ховор. Учир нь тогтмол цалин тухайн хүнийг тайвшруулж, ажиллах сэдэлгүй болгодог муу талтай гэж үздэг. Нөгөө талаар зуучлагч байнгын орлоготой байх баталгаа байхгүй учраас тогтмол цалинтай бол сэтгэл амар, тогтвортой, тайван ажлаа хийдэг гэж үзэх хүн ч бий.
2008 оны намраас өмнө нэг зуучлагч сард дунджаар 3-4 байр зарж байсан гэвэл орлого нь тодорхой болох биз. Одоо байдал огт өөр, компаниуд санхүүгийн хүндрэлд орж, зарим нь үүдээ барьж байгаа нь нууц биш.
Гадаадын улс орнуудад зуучлалын хөлс ямар байдгийг харьцуулж үзвэл сонин байх болов уу.
АНУ
АНУ-ын зуучлагчид (компани, хувь хүн аль нь ч байж болно) 2-3 хувийн зуучлалын хөлс авдаг байна. Үүнийг харьцангуй бага гэж үзэж байсан нь саяхны ипотекийн хямрал болтол дотоодын зах зээлийн хөгжилтэй харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр байсантай холбон тайлбарлаж байжээ.
Герман
Германд зуучлалын хөлс манайхтай нэлээд ойролцоо өргөн хүрээтэй, 3-10 хувь байдаг. Хэрэв борлуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэ бага бол зуучлалын хувь өндөр, үнэ нь их бол зуучлалын хувь бага байдаг бичигдээгүй хууль үйлчилдэг байна.
Австри
Германы хөрш улсад зуучлагчийн үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжоор хязгаарласан байдаг нь сонин юм. Энд зуучлалын хөлс нь гэрээний үнийн дүнгийн 3,6 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилжээ.
Орос
Хойд хөршид маань үл хөдлөх хөрөнгийн зуучлал анхандаа нэлээд замбараагүй хөгжиж эхэлснийг хэлэх нь зүйтэй байх. Зуучлал нэрээр маш их хэмжээний залилангийн хэрэг гарч байсан тул хууль тогтоомжоо шинэчилсний үр дүнд харьцангуй тогтворжиж, шинэ боловсронгуй маягаар хөгжиж эхэлжээ. Гэхдээ зуучлалын хөлсний хувь хэмжээг хуулиар тогтоож өгөөгүй бөгөөд дунджаар 3-6 хувь, орон нутгаас шалтгаалан дээш доош бага зэрэг хэлбэлздэг байна.
Испани ба бусад
Испанид зуучлалын хөлс Оростой мөн адил 3-6 хувийн хооронд байдаг байна. Харин Голланд,Бельги зэрэг улсад 1-6 хувь байдаг ажээ.

Сэтгэгдэлүүд:
Монголд найдвартай итгэлтэй хүн, хамаатан садан байхгүй хүмүүс гадагшаа одоо их болсон.
Зураг хөргийг нь сайн аваад хүнийрхэлгүй бас хэт шуналгүйгээр үнэнч ажиллаад зуучлаад өгвөл хэн ч гэсэн дуртай л байх болно доо. амжилт хүсье. муухан үл хөдлөх хөрөнгө зуучлалын сайтаас илүү хүнд ойрхон, сэтгэлд нийцтэй аятайхан блог байна аа.
Зуучлагчаас гадна үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүнд сайн, шудраг зөвлөх хэрэг болдог. Мэдээж их мөнгөний асуудалшүүдээ. Тиймээс зуучлагчаас гадна экспертийн үйлчилгээ ягаад байж болохгүй гэж! Хувиараа мөрдөгч гэдэг шиг хувиараа үл хөдлөх хөрөнгийн эксперт гэж байвал бас зүгээр байхшүү. Тэр ламд үзүүлнэ гэж хушуурж гүйдэг шиг тэр экспертээр үзүүлнэ гэдэг болбол. хэ хэ...Та миний юу хэлэх гээд байгаа ойлгож байгаа биздээ.
Сэтгэгдэл үлдээх: