Америкийн үл хөдлөх хөрөнгийн даатгалын аварга компани AIG (American International Group, Inc.)
Английн алдарт Манчестер Юнайтед багаас нүүр буруулахаар шийдсэнийг улаан чөтгөрүүдийн үнэнч балиашгууд дуулсан байх. Шалтгаан нь нөгөө л санхүүгийн хямрал.
2006 онд Английн үүрэн холбооны Vodafone компани учир битүүлэг шалтгаанаар гэрээгээ цуцалсны дараа AIG Манчестер Юнайтедтай 4 жилийн 56,5 сая фунтын ивээн тэтгэлгийн гэрээ (футболкан дээр лого тавих) байгуулсан нь Английн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ болсон юм. Энэхүү гэрээнд ивээн тэтгэлгээс гадна үл хөдлөх хөрөнгө болон автомашины даатгалын үйлчилгээ үзүүлдэг MU Finance компанийг удирдах эрх бас давхар орсон байж. Үүнээс өмнө Лондонгийн Челси баг Солонгосын цахилгаан барааны Самсунг корпорацитай 50 сая фунтын гэрээ байгуулж байсан бол Манчестер Юнайтедаас илүү өндөр үнэтэй гэрээг Турины Ювентус баг Ливийн нефтийн Tamoil корпорацитай (110 сая еврогийн 5 жилийн гэрээ), Мадридын Реал баг Тайваны үүрэн холбооны BenQ Mobile компанитай (100 сая еврогийн 5 жилийн гэрээ) байгуулж байжээ. Энэ бүгд зөвхөн футболкан дээр лого тавих гэрээ шүү.
Харин Vodafone гэрээгээ цуцалсан шалтгааныг Манчестерийн шинэ эзэнтэй холбон тайлбарлах нь их байдаг. Америкийн тэрбумтан Мэлколм Глейзер 790 сая фунтаар Манчестер Юнайтед-г худалдаж авахад америк хөлбөгийн улаан фэн (Tampa Bay Buccaneers баг түүний эзэмшлийнх) европ хөлбөмбөг юугаа мэдэх вэ гэж Английн компани дургүйцсэн байж болох юм. Тэгвэл оронд нь Америкийн компани улаан чөтгөрүүдийн ивээн тэтгэгч болоход гайхах хүн гараагүй болов уу.
Одоо харин AIG ямар хүнд байдалд байгаа тухай хэдэн тоо дурдая. Америкийн ипотекийн зээлийн хямралаас хамгийн их хохирч байгаа компаниудын нэг нь яах аргагүй AIG. Дэлхийн 130 гаруй оронд 50 сая орчим харилцагчтай, 92 мянга орчим ажиллагсадтай Америкийн даатгалын number one компани өнгөрсөн 2008 онд 99,3 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээснээс 61,66 тэрбумыг зөвхөн 4-р улиралд хүлээсэн нь АНУ-н түүхэн антирекорд амжилт болсон юм. Он гараад 1-р улиралд 4,35 тэрбумын алдагдалтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 44 %-р буурсан (2008 оны 1-р улиралд 7,81 тэрбумын алдагдалтай байсан) байна гэж компанийн албан ёсны сайтад мэдээлжээ.
1 триллион долларын активтай энэ аварга компани хэдэн арван банк, даатгалын компаниудтай холбоотой учраас хэрэв дампуурвал системээрээ нурах аюул нүүрлэсэн тул Холбооны нөөцийн банкнаас бараг 180 орчим тэрбум долларын зээлийг 5 жилийн хугацаатай авчээ. Хэлцэл ёсоор нийт хувьцааныхаа 79,9 хувийг барьцаалсан нь компани үнэн хэрэгтээ бараг улсын мэдэлд очсоныг гэрчлэх бөгөөд хямралын хугацаанд компани зах зээлийн үнийн 85 %-г алдаад байна.
Иймэрхүү байдалд орсон компани янз бүрийн ивээн тэтгэлгээсээ татгалзах нь зүйн хэрэг биз. Гэхдээ бас үгүй юмаа. Өнгөрсөн оны сүүлээр тус компани зарим ажиллагсаддаа, тэр дундаа компанийг ийм байдалд хүргэсэн нөхдүүдэд нийт 218 сая долларын шагнал урамшуулал олгосон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн төдийгүй АНУ-н Конгресс эдгээр шагнал авсан хүмүүс шагналаасаа 90 хувийн татвар төлөх тухай хууль гаргахад хүрсэн байх юм.
Компанийн гүйцэтгэх захирал Эдвард Лидди 2008 онд 1 (нэг) долларын цалин авсан байна. Гайхах хэрэггүй. Ёстой нөгөө шархаа нөхнө гэгчээр, төрөл бүрийн шагнал урамшуулал нь 900 мянган доллар болсон төдийгүй онгоц унааных нь зардал 45578 доллар, байр хоолных нь зардал 38368 доллар болсон гэнэ.
Японд байдаг компанийн оффисоо 1 тэрбум, АНУ дахь автомашины даатгалын бизнесээ 1,9 тэрбум доллароор зарсан гэх мэтээр өрөө төлөх гэж нийт зарсан актив нь 4 тэрбум доллар хүрсэн нь шагнал урамшуулалтай нь харьцуулахад сонин сонсогдохгүй байна гэж үү.
За AIG-гийн хувьд нэг иймэрхүү. Харин Манчестер Юнайтед цаашид яах бол. Солонгосын Самсунг корпораци, Энэтхэгийн Тата группэд санал хүргүүлсэн, AirAsia, Sahara, Saudi Telecom, Seoul Metropolitan Government, Budweiser, Prudential компаниуд санал ирүүлсэн гээд сураг их л байна.
Яагаад ингэтлээ сонирхоод байна вэ гэвэл 2010 оны 5 сараас эхлээд балиашгууд бидний харах, өмсөх дуртай футболкан дээр чухам хаанахын, ямар брэндийн нэр бичигдэх вэ гэдэг л байгаа юм даа.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: