BARILGA SALE - 2009 үзэсгэлэнгээс ...

   Их пиардсан, их юм амласан "Barilga sale -2009" яармаг худалдаа 5 сарын 27-31 хооронд "Тэх" барилгын худалдааны төвд болж өнгөрлөө. Шулуухан хэлэхэд урьд өмнө болж байсан бүх үзэсгэлэнгүүдээс хамгийн цөөхөн оролцогчтой, хамгийн цөөхөн үзэгчтэй, хамгийн сонирхолгүй үзэсгэлэн боллоо. Чухам юу нөлөөлснийг шууд хэлэхэд бэрх. Зохион байгуулагдсан газар нь хотын төвөөс зайтай, олны танил бус байсных уу, эсвэл үнэхээр үзэсгэлэнд оролцох, үзэх сонирхолтой хүмүүс ховор байв уу.

   "Barilga sale -2009" энэ оны барилгын гурав дахь үзэсгэлэн байсан бөгөөд 3 сард болсон хоёр үзэсгэлэнгийн дараа МҮХАҮТ 4-р сард "Монгол барилга-2009" үзэсгэлэнг 2 удаа зохион байгуулах гээд чадаагүйг хэлэх нь зүйтэй. Зохион байгуулагчдын хувьд орлого олох боломжтой хэдий ч нээгдээд багагүй хугацаа өнгөрөхөд үйл ажиллагаа нь нэг л жигдрэхгүй байгаа "Тэх" худалдааны төв орлого олохоосоо илүү олонд өөрийгөө сурталчлах талаа илүү барих шиг болсон.

   "Тэх"-д худалдаа хийдэг зарим нэг байнгын түрээслэгчдийг оролцуулахгүйгээр 80 гаруй компани оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниуллаа. Үүнд барилга угсралт, тоосго, бетон блок, шал хана дээврийн материал, хаалга, цонх, сантехник, дулаалгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, тээвэр зууч, даатгалын компани, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, зарын сонингууд байсан. Мөн "Бөртэ" цэргийн хувцасны үйлдвэр, хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр оролцсон юм. Эдэн дунд скоч, шар цавууны наймаачид ч байлаа.

   Зохион байгуулагчид шинэлэг зүйл бий болгохыг хичээж,  уулзалт, семинар, уралдаан тэмцээн зохион явуулахаар төлөвлөсөн байсан ч оролцогчдын идэвх сул байсан нь зарим арга хэмжээг цуцлахад хүргэсэн байна. Жишээ нь, шилдэг өрлөгчин шалгаруулах тэмцээн зарласан ч оролцогчдын тоо хүрээгүй тул болсонгүй. Ихэнх уулзалт семинар дээр 10 хүрэхгүй хүмүүс оролцож байсан нь маш чамлалттай байлаа.

   Яармаг худалдаа нэрэндээ тааруулж, үзэсгэлэнгийн сүүлийн өдөр орон сууцны дуудлага худалдаа зохион байгуулсан нь шинэлэг байлаа. Үзэсгэлэнгийн сүүлийн өдрийг хүртэл тэсэж чадалгүй орхиж явсан оролцогчид үүнийг үзээгүй байх.

   Нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Үзэсгэлэнд оролцож байгаа хэрнээ ямарч бэлтгэлгүй, үзүүлэн, тараах танилцуулга материалаа зохих ёсоор бэлдээгүй байх нь үнэхээр сонин. Тэр дундаа барилгын компаниуд (Назу, Ерөө импекс, Сүмт өргөө г.м) халтар хултар канондсан бичгийн тал цаас тарааж байх нь ичгэвтэр биш гэж үү. Иргэдийн хамгийн их сонирхох магадлалтай Орон Сууц Санхүүжилтийн Корпораци май гээд сарвайх зүйлгүй л байж байсан даа. Харин Эко констракшн, Монгол Базальт зэрэг компаниуд бэлтгэл сайтай, нүүр бардам оролцож байсан.

   Миний хамгийн их сонирхож байсан зүйл мэдээж орон сууц. Улаанбаатар хотод баригдаж байгаа 13000 айлын 280 шахам барилгуудаас 18 компанийн 19 орон сууцны танилцуулга л байсан нь үнэхээр чамлалттай. Хүний лангуун дээр бараагаа орхиод явсан Номин зуучын 3 орон сууц (сонирхолтой нь, өөрийнх нь Өнөр хотхоны танилцуулга байгаагүй), компанийхаа танилцуулга дотор "нууцаар танилцуулсан" Актив зуучийн 2 орон сууц энд орсон байгаа.

   Харамсалтай нь телевиз, сонингоор амлаад байсан 20-30 %-ийн хямдрал зарласан компани ховор байлаа. Назу констракшн 2 өрөө байр 100 % бэлэн төлөөд авсан тохиолдолд 1 өрөө байр бэлгэнд өгөх супер урамшуулал зарласан бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулагчдын бүх пиар үүн дээр тогтож байсан гэхэд болно.

   3 сараас хойш бүрэн тавилгатай байраа 600-880 доллароор зарж байгаа "Сүмбэр орд" хорооллынхон худал яриагүй бол удахгүй үнээ буулгах биш харин эргээд нэмэх сурагтай. Ерөө импексийнхэн 750-800 доллар байсан байрныхаа үнийг 790000-980000 төгрөг болгож хямдруулснаас өөр мэдэгдэхүйц хямдрал мэдэгдсэнгүй.

   Нэгэн телевиз "хэрэв байрны үнэ одоогийнхоос 20-30 % буурах боломжтой юм бол барилгын зах зээл хөөстэй байж таарах нь ээ" гэсэн дүгнэлт хийснийг барилгын салбарын нэг том мэргэжилтний: орон сууцны нэг метр квадратын одоогийн дундаж үнэ 800 мянган төгрөг байна, харин бодит үнэ 670 мянган төгрөг байгаа гэж мэдэгдсэнтэй харьцуулбал хөөс байгаа нь илт.

   Би хувьдаа үзэсгэлэн яармагт оролцохыг борлуулалтаа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах нэг боломж гэж ойлгодог. Харамсалтай нь оролцогч компаниудын тоог харахад тийм биш бололтой. Хэдийгээр улсын хэмжээнд дутуу баригдсан барилгуудыг дуусгахад шаардлагатай байгаа 526 тэрбумыг эндээс босгохгүй ч далайд дусал нэмэр болмоор санагдах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. moogii_kon24 (зочин) | 2009-06-17 09:56:07
Мэргэжил нэгт андын бичлэг сайхан болжээ.. Барилгын сэтгүүл зүй манайд дутагдаад багйаа юм.
2. Namara | 2009-06-17 10:17:28
Сайхан мэдээлэл байна. Баярлалаа
3. EA (зочин) | 2009-07-30 11:42:19
Та үзэсгэлэн худалдааны эксперт уу? Нүдэнд харагтал, юм бодогтол бичсэн байна. Ийм блог байдаг нь сайн хэрэгшүү. Танид амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog