Гадаадад суугаа элэг нэгтнүүдэд маань сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны барилгуудыг өөрийн өнцгөөс танилцуулж байгаа цувралынхаа энэ удаагийн дугаарт анх баригдаж эхлэхдээ нэлээн хэл ам дагуулж байсан "Баян Монгол" хорооллыг танилцуулахаар шийдлээ.
Энэхүү том хорооллыг сүндэрлүүлж буй "Их Үйлсийн Эрэлд" ХХК саяхан байгуулагдсан ч нэлээн зангарагтай хөдөлж байгааг юуны түрүүнд хэлмээр байна. Хямрал гээч гайхлыг жингийн цуваа мэт ажралгүй туулж байгаа энэ компанийн үүрийн туяанаас үдшийн бүрий тасартал борви бохисхийлгүй ажиллах дотор голдуу ажилчдын хөлс хүч шингэсэн, шинэхэн бөгөөд тохилог хороолол нүдэн дээр босоод ирэхэд анзаарахгүй байхын арга байсангүй.

Байршил нь Замын Цагдаагийн Газрын замын урд баригдсан "Дүнжингарав" хорооллын зүүн талд


Сүүлийн үеийн хоёр гуравхан барилгатай сүржин нэртэй, даржин "хорооллуудын" дэргэд "Хороолол" нэрэндээ зохицсон 1800 айлын 18 орон сууцтайг онцлох хэрэгтэй.

Эхний 450 айлын орон сууц өнгөрсөн намар ашиглалтанд орсон бөгөөд саяхнаас Үл хөдлөхийн гэрчилгээг нь олгож эхэлжээ. Цэвэр усны ундарга дээр баригдсан нэрээр нэлээн цааргалж байж өгч байгаа нь тэр гэнэ.

Одоо үлдсэн 1350 айлын орон сууц эрчимтэй баригдаж байна.

Надад хамгийн их таалагдсан нь автомашины гаражын хүрэлцээ. Нийт 1300 гаражтай гээд бодохоор үнэхээр дажгүй санагдсан шүү. Гараж гэхээсээ зарим нь дулаан зогсоол ч гэдэг. Тэгвэл 1 зогсоол нь 8500 долларын үнэтэй. Өвөл зогсоол хөлслөхөд харин жаахан үнэтэй, хоногийн 8000 төгрөг гэж байсан.

Оршин суугчидтай нь уулзаж, шинэ байрны тухай сэтгэгдлийг нь сонирхож явахад муу үг бараг хэлэхгүй байсан нь сонин байлаа. Дулаахныг нь бүр хүн бүр шагшиж байсан гээч. Тэгсэн мөртлөө цонхны амалгаа жаахан тааруу гээд байгаа юмаа.

Гэхдээ надад зарим нэг дутагдал харагдсан юм. Сүүлийн үеийн ихэнх барилгуудын нэгэн адил хогийн бункергүй. Цэвэрлэгчид нь хогоо зөөж асгасаар байрнуудын ард нэлээн овоорсон харагданалээ.
1 метр квадрат нь 899 долларын үнэтэй орон сууцны орцны хаалга.

Орцны хаалгаар ороход муугүй сэтгэгдэл төрүүлж байсан. Харамсалтай нь үүнээс цааш зураг авах боломж олдоогүй юм. "Зураг үзье гэвэл манай сайтаас үзээрэй" гэдэг сайхан үгээр ам таглаад аппаратыг маань бараг л хураах маягийн юм ярьсан нь хачирхалтай санагдсан. Харамсалтай нь сайтруу нь ороход байрны дотоод зохион байгуулалт, засал чимэглэлийг харуулсан зураг нэг ч байхгүй байсан юм.

Хотхоны хойно төмөр зам ойрхон байгаа нь жаахан тухгүй. Оршин суугчдын яриагаар нүүж ирсний дараахан унтаж чадахгүй хэцүү байсан, одоо дасаад тоохоо байсан гэж байналээ...хэ хэ... Гэхдээ удахгүй төмөр замын наагуур дуу чимээний хаалт барина гэж байсан, одоо барьсан байлгүй дээ. Төмөр замын цаана Destination Mongolia компанийн JR Kingdom хотхоны барилга харагдаж байна.
Тохижилт ногоон байгууламжаас эхлэх ёстой байх. 5 сард ийм байсан, одоо сайхан ургаа биз дээ, бодвол.

Цаана (зүүн талд) нь Кристалл таун (ганц нарийхан өндөр байшин)харагдаж байна. Кристалл тауны хойно нь Ногоон төгөл хотхон харагдаж байна. Ногоон төгөлийн зүүн талд Нарантуул зах байгаа.

Энэ хорооллын урдуур өөр барилга баригдахгүй л болов уу. Учир нь хотын цэвэр усны худгуудыг тойруулсан томоос том хашаа бий. Богд уул маань харагдаж байна. Оршин суугчид эндхийн өвлийн агаарыг хотын төвтэй зүйрлэшгүй сайхан гэж магтаж байлаа.

Байрнуудын доогуур гаражууд, гаражын дээгүүр нь хангалттай олон зогсоолтой, харуул хамгаалалт сайтай гэнэлээ.

Хүүхдүүддээ тоглоомын талбай хийж өгөхөө мартаагүй нь сайхан санагдсан. Харин одоохондоо үйлчилгээний хэсэг нь ашиглалтанд ороогүй байгаа болохоор дэлгүүр хоршоо байхгүй, хүнс бараагаа хотын төвөөс бөөндөх, эсвэл Наран хотхон хүртэл алхах хэрэг гарч байгаа гэсэн. Бас л зайтай харагданалээ шүү.

Энэ сүүлд баригдаж байгаа барилгууд илүү сайн, чанартай баригдаж байналээ гэж ярих хүн ч цөөнгүй байсан. Орон сууцны дотоод зохион байгуулалт,материал, засал чимэглэл нь дундаж гэж хэлж болохоор. Ариун цэврийн өрөө нь зай томтой, дажгүй санагдсан. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд боломжийн сайхан орон сууц л гэж хэлмээр байна даа.
Эднийх Голомт банктай албан ёсны гэрээтэй тул та сарын 2 хувийн хүүтэй, 10 хүртэл жилийн хугацаатай зээл авах боломжтойг дашрамд дуулгая.
Асууж сонирхмоор байвал 7711-1111 утсаар залгаарай.
Web хаяг нь: www.ikhuilsiinereld.mn

Сэтгэгдэлүүд:
Javhaa-д: Яг хаана ямар байр авахаар бодож төлөвлөсөн юм байгаа юу. Миний "Байр авахдаа" гэдэг бичлэгийг эхлээд уншаад үзээрэй хө.
Сэтгэгдэл үлдээх: