Хэрэгтэй мэргэжил

   Байр орон сууц зарах, түрээслэх, солих гэдэг хэцүү биш, хэн дуртай нь хийж чадах ажил гэж өөрийн нуруун дээр ирэхээс нааш мэдэлгүй,  ярьж явдаг хүн олон. Ямар нэг хүндрэлтэй тулгарсан хойноо зуучлагчид хандсан бол амар байж гэж бодох нь бий.

   Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэдэг мэргэжил манайд бий болоод арваадхан жил болж байна. Зуучлагчийн мэргэжлийн үүрэг нь их энгийн - үл хөдлөх хөрөнгийн хэлцэлд зуучлах буюу мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой их мөнгө эргэлддэг болохоор амар ашиг унагах сонирхлоор зуучлагч болох нь олон ч, ажилдаа үнэнчээр үлдэх нь ховор.

   Зуучлагчийг хямдхан авч, үнэ хүргэж зардаг ченжүүдтэй андуурч болохгүй. Зуучлагч үйлчлүүлэгчээ өөрөө олж, гэрээ байгуулж, гэрээний биелэлтээс хамааран үйлчилгээнийхээ хөлсийг авна.

   Зуучлалын компанид ажилладаг, хувиараа зуучилдаг гэсэн 2 төрлийн зуучлагч байна. Зуучлалын компанид дурын хүн ажиллах боломжтой. Харин хувиараа зуучлагчид ихэвчлэн урьд нь зуучлалын компанид ажиллаж байсан, тодорхой хэмжээний танил тал, мэдээллийн бааз, техник тоног төхөөрөмжтэй хүмүүс байдаг.

   Мэргэжлийн зуучлагчид байх ёстой зарим чанарыг дурдвал: бичгийн боловсролтой байх, чиглэлийн хуулиудыг мэддэг байх, сурах дадалтай байх, дээд зэргээр найрсаг байх зэрэг юм. Мөн хувийн зохион байгуулалт сайтай, хянуур, компьютер технологийн мэдлэгтэй, эрч хүчтэй, сэтгэл санаагаар унадаггүй байх нь чухал.

   Зуучлалын компанийн захирлууд өргөн мэдлэгтэй, дээд боловсролтой залуу хүнийг ажилд авах дуртай, учир нь дээд боловсрол зохих ёсоор эзэмшсэн хүн мэдээллийг системтэй боловсруулж, үр өгөөжтэй ажиллаж сурсан байдагтай холбоотой. Тал бүрийн өргөн мэдлэг нь ажил хэргийг олон өнцгөөс харж, зөв шийдвэр гаргахад тусална. Нөгөөтэйгүүр зуучлагчийн ажил үйлчлүүлэгчийн итгэл дээр тогтдог. Үйлчлүүлэгч боловсрол мэдлэгтэй хүнд илүү итгэх нь зүйн хэрэг юм.

   Хүйсийн тухайд гэвэл зуучлалын ажилд эмэгтэй хүн илүү тохиромжтой гэж гадныхан үздэг. Учир нь тэд үйлчлүүлэгчдийг илүү ойлгож, анхааралтай, уян хатан байж чаддаг нь амьдрал дээр батлагджээ. Зуучлагчийн ажлыг юуны түрүүнд бичиг баримт сайн боловсруулж, бүрдүүлэх чадвараар нь үнэлдэгч, тэрээр ажлын ихэнх цагаа яриа хэлэлцээр хийх, зөвлөгөө өгөх зэргээр хүнтэй харьцаж өнгөрүүлдэг. Иймээс харилцааны чадвараас ажлын амжилт хамгийн их шалтгаална.

   Сайн зуучлагчийн нэг чухал үзүүлэлт бол нас. Хэт залуу бол амьдралын болоод ажлын туршлага дутна, ахмад бол ажил, амьдралын туршлага байвч залуу хүний эрч хүч дутмаг байна. Хамгийн тохиромжтой нь 30-40 нас. Энэ насанд хүмүүс амьдралыг байгаагаар нь харж чаддаг болсон байхаас гадна эрч хүчтэй хэвээр байна. Үүнтэй 20-иод насны залуучууд, эсвэл ахмадууд маань маргаж болох ч амьдрал дээр ийм л байдаг.

   Монголд мэргэжлийн зуучлагч бэлддэг сургууль, дамжаа одоогоор байхгүй байна. Тиймээс чухам ямар мэргэжлийн хүн энэ ажлыг хийвэл илүү дөхөмтэй вэ гэдэг их маргаантай сэдэв юм. Манай их дээд сургуулиудад эзэмшиж болох Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн ажилтай хамгийн ойр мэргэжил бол газар зохион байгуулагч буюу кадастрын мэргэжилтнүүд гэж үзэх нэгэн бий. Харамсалтай нь зуучлагч хүн дан ганц газартай харьцахгүй, түүн дээр баригдсан барилга объекттой илүү түлхүү ажиллах болдог. Тэгвэл түүнийг барьдаг барилгын инженер хүн сайн зуучлагч болох ёстой юу? Барилгын чанар, стандартыг сайн мэддэг байж болох ч ирээдүйд хэр хэмжээний ашиг орлоготойг нь тооцоолох эдийн засагч байвал дээр биш үү? Одоохондоо олны хөлийн газар биш боловч яваандаа хүн бужигнаж, бум түжигнэсэн газар болж, ашиг орлого нь сараар биш өдрөөр хэмжигддэг болж болохыг тооцоолох хэрэгтэй биз дээ?

   Үгүй, хууль эрх зүйн мэдлэг илүү хэрэгтэй, тиймээс хуульч хүн сайн зуучлагч болно гэвэл бас л өрөөсгөл. Архитехтор, интерьер экстерьерийн хүн байх хэрэгтэй юм уу? Эсвэл энэ байрыг чухам яагаад худалдах болов, энд байр худалдаж авбал ямар бол гэх зэргээр тухайн хөрөнгийн орчин болоод үүх түүхийг судлах шинжээч, мөрдөн байцаагч хүн байх ёстой юу? Жишээ нь, дунд голын орчмын байрууд зундаа нэлээн шумуултай байдгийг өглөөний сэрүүнд очсон хүн анзаарахгүй байж болно. Мах комбинатын орчим эвгүй үнэртэй гэдгийг өвөл мэдэлгүй өнгөрч болно шүү дээ.

   Бүр цаашилбал, харилцагчийнхаа сэтгэл санаанд нөлөөлж чадах сэтгэл зүйч байх хэрэгтэй юу? Ерөөсөө л хүмүүс хоорондын харилцаа хамгийн чухал юм чинь харилцааны мэргэжилтэн байвал яасан юм бэ?... за мэдэхгүй, эцсийн дүндээ хувь хүний онцлог, чадвараас л хамаарах байх.

   Хүмүүс янз бүрийн замаар зуучлагч болсон байдаг. Зарим нь байраа зарж, авч байхдаа санаа авч, улмаар дахин дахин оролдлого хийсээр мэргэжлийн замруу орсон байхад зарим нь ажлаасаа халагдан хийх юмгүй байхдаа үзээд алдахаар шийдэж, амжилтанд хүрсэн нь ч бий. Магадгүй зарим нь зориуд бэлдэж, сурч боловсордог байх. Ямарч байсан мэргэжлийн болон хувийн тодорхой зан чанартай хүмүүс л сайн зуучлагч болж чадна.

   Сайн зуучлагчийн шалгуур нь амьдралын дадлага юм.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2009-08-25 16:43:14
Сонирхолтой бичлэг байлаа.
2. SS (зочин) | 2009-08-31 08:22:44
ene mini mergejlin tuhai bichsen bna bayrlalaa bas sain hudaldaani abyastai baih heregtei baidag yum daa
3. zul (зочин) | 2009-09-30 16:44:08
hi ih dajgvi sanagdlaa bi solongost gazar zohion baiguulalt-kadastrin chigleler surch bga oyutan l daa ene talin medelel ter bgon bgvi bhor ih dajgvi sanagdlaaa bayarlalaaa amjilt hvsie
4. M.Gerelt-Od (зочин) | 2009-10-24 01:19:09
Тантай би ажил хэргийн талаар дараа нэг уулзанаа удахгүй.
5. m2 | 2009-10-24 11:16:34
Гэрэлт-Од -д: таньдаг хүн биш биз дээ, уулзах хэрэгтэй бол уулзаарай, баяртай угтая.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog