Алдаа оноо

   Аливаа үзэсгэлэн болж өнгөрсний дараа хэн бүхэн өөртөө ямар нэг дүгнэлт хийдэг нь лав. Миний бодлоор энэ удаагийн "Barilga expo - 2009" үзэсгэлэн ерөнхийдөө давгүй болж өнгөрлөө. Мэдээж санаанд хүрээгүй, цаашид бодууштай санагдсан юмнууд байлгүй л яахав. Энэ бүгд зохион байгуулагчдын хараанаас мултраагүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд зарим нэг сайн муу зүйлүүдийн тухай дурдая.

"Орчлон констракшн"-ы борлуулагч Тэнхлэг зууч компани хавар намрын уламжлалт үзэсгэлэнд идэвхтэй оролцдог компаниудын нэг. Тэд энэ удаагийн үзэсгэлэнд урьд урьдаас илүү санаачлагатай оролцсон юм. Мишээл төв орох замд зогсож, танилцуулга тарааж байсан эдгээр 10 шахам хүүхдүүд замаар зорчигчдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан. Мөн Тэнхлэг зуучийнхан Орчлон хорооллын загварын байрыг үзэхийг хүсэгчдийг өөрсдийн унаагаар хүргэж үйлчилж байсан нь бас л талархмаар, хүнд хүрсэн үйлчилгээнүүдийн нэг байж чадсан юм.

Зөвхөн үзэсгэлэнд оролцогчдод төдийгүй, сонирхсон,хүссэн хэн бүхэнд нээлттэй, боломж олгож байдгаараа энэ үзэсгэлэн маш давуу талтай байдаг. Үүдээр оронгуут танилцуулгаа тараах хүмүүсийн дотор дан ганц мөнгөө төлж үзэсгэлэнд оролцож байгаа пүүс помпанийнхан биш, өөрийгөө олонд хүргэх сонирхолтой хэн ч зогсож байх боломжтой. Барилгын үзэсгэлэнг үзэж, сонирхогчдын тоо 40000 давдаг гэсэн тоо бий. Ингээд бодохоор танд үнэхээр алтан боломж байсан гэдэгтэй маргахгүй байх.

Үзэгчдийн хувьд сонирхсон бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байх бололцоо олон хүний дунд тэр болгон олддоггүй. Ийм тохиолдолд тэдэнд танилцуулах материал тусална. Хэн танилцуулгаа сайн хийнэ тэр бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэнэ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн сайн танилцуулга бол дээрх зурган дээр байгаа "Нью ворм" компанийн полистрол хавтангийн танилцуулга гэж би дүгнэсэн. Надтай санад ниийлэх хүн цөөнгүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь энгийн цаасны оронд танд бүтээгдэхүүнээ өгөөд явуулах санааг тэд олж чадсан нь мундаг биш гэж үү. Харин бүтээгдэхүүний чанарын тухай бол хэрэглэж үзээгүй учраас хэлж мэдэхгүй нь.

Үзэсгэлэн олон улсын гэдэг тодотголтой байсныг та мартаагүй байх. ОХУ-аас ирсэн 4 компанийн нэг нь манай "Монгол базальт" компанийн үйлдвэрлэж байгаа Rockwool чулуун хөвөнтэй ижил бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Тэд энэхүү бүтээгдэхүүнээ 40 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилээс жилд улам боловсронгуй болгож байгаа гэнэ. Харин монголд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байдаг гэхэд тэд гайхсан шүү. Харамсалтай нь "Монгол базальт" компанийнхан үзэсгэлэнд оролцсонгүй. Орос нөхдүүд тэдэнтэй уулзаж, ярилцах сонирхолтой байсан нь лавтай. Гэхдээ тэдний борлуулалтын цэгийг зааж өгсөн тул очиж үзсэн байх гэж бодож байна.

Орос нөхдүүдийн талаар ярьж эхэлсэн тул цааш үргэлжлүүлье. Үзэсгэлэн нээгдсэн эхний өдрийг эс тооцвол зочид маань иймэрхүү маягтай л оролцлоо. Тэдэнд биднийг гайхуулах зүйл байсангүй. Чулуун хөвөн, цавуу, вентилятор, цахилгааны щит, автоматууд. Хийц загвар нь нэг л тийм. Эрхүү, Читагаас ирсэн нөхдүүдийн маань орос хэл дээрх плакатуудыг сонирхох үзэгч ховор байсан болоод тэрүү 2 дахь өдрөөс нь алга болсон байлаа. Гэм биш зан юм болохоор хотоор "гуляа дарж" яваа биз гэж бодсон, алдаагүй байх. Уг нь МХАҮТанхимын захирал н.Дэмбэрэл гуай урилга явуулж, ирүүлсэн юм гэсэн. Багагүй л зардал гарсан баймаар. Гэвч хүний мөнгийг бид тоолоод яахав дээ, тиймээ?

Хамгийн олон үзэгчдийг цуглуулсан үзмэрүүдийн нэг бол яах аргагүй энэ толин зурагт. Толин нүүртэй гар утас моод байхаа больсон биз. Харин толин зурагт сонирхол татаж байгаа нь илт байлаа. Зурагтын олон сувгаар хэд хоног энэ зурагтын тухай реклам хангалттай бөмбөгдсөн тул ингэсгээд зогсоё.

"Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэгчээр NTV, TV5 телевизүүд энд үнэндээ л илүүдэж байлаа. Мэдээллийн ивээн тэтгэгчид гэдэг нэрээрээ павильон авсан нь (хамгийн гоё байрлалтай) тодорхой ч ингэж бусдад саад болох хэрэг байсан ч юумуу, үгүй ч юмуу. Тэдний оронд барилгын 2 компани оролцсон бол үр өгөөж нь хавьгүй илүү байх байсан даа. Ямар зорилгоор оролцож байгаа юм бэ гэсэн асуултанд "реклам олох зорилгоор" гэсэн. Рекламыг ингэж "унтаж" олдог гэдгийг би мэдээгүй шүү. 400 ширхэг танилцуулга тарааснаа сайрхан ярих нь бүр ч инээдтэй байлаа. Бас нэг нойрны павильон бол "Барилгын үндэсний ассоциаци" гэх нэрнээс цаашгүй хоосон газар байсан. Хүн сонирхох юм тэнд байгаагүй, байх ч боломжгүй юм. Тэдний үйл ажиллагаа энд биш, өөр газар байвал дээр биз.

Манай төрийн байгууллагууд үзэсгэлэнд оролцож байгаа нь сайн бөгөөд тэднээс мэдээлэл авах сонирхолтой хүмүүс ч олон байлаа. Даанч оролцож байгаа нь их юм гэсэн шиг танилцуулга, тараах материалаа мартаж орхиж. "Газрын харилцаа, барилга,, геодези зураг зүйн газар" нэрнээсээ ч бодсон, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэдэг том айлын орлогын ихэнхийг авдаг гэдэг утгаар н ч бодсон "ядуу" баймааргүй л газар даа. Гэтэл чухам хэнд үйлчилж байгаагаа л мартчихаад байх юм. Юм л асуувал "ажил дээр байгаа, очоод худалдаад ав" гэх нь чихэнд нэг л наалдахгүй байсан юм. Юу ч гэхэв дээ...

Үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхлэнэ гэдэг амар юм биш ээ. Тэр тусмаа Монголд. Сайнаасаа муу нэр сонсох нь илүү байдаг болохоор тэвчээртэй л хүний хийдэг ажил. "Ерөө зууч"-ынхан бараг л анх удаа компаниа дангаар нь сурталчиллаа. Зуучлалын компаниуд ер нь орон сууц борлуулах нэрээр л оролцдог нь хууль. Харин эднийх зориг гаргасан гэхэд буруутахгүй биз. Харин жаахан туйлшраад "Ерөө импекс"-ийнхээ орон сууцыг бараг мартах шахсан гэм байж магад.

Бразилаас авчирсан "ам..." гэдэг гайхалтай чулууг та харж байна. Үйлчилгээний байгууллага, айл гэрийн хойморт байхад гайхалтай гоёмсог харагдах энэ байгалийн чулууг агуйгаас олборлодог гэнэ. Бүтнээр гаргаж ирээд дундуур нь зүсээд энэ. Дотор тал нь хачин гоё талст тогтоцтой. Үнэтэй ч гэж жигтэйхэн. Дотоод интерьерт ашиглахад гайхалтай өвөрмөц байж чадмаар эдгээр чулууг анх удаа харахад багахан шунал хөдөлж байснаа нуугаад яахав. Хүнд байдаг л зан биз дээ айн... хэ хэ

Барилгын үзэсгэлэн яармаг дээр хивс дрож байхыг та юу гэж үзэж байна? Би хувьдаа таашаахгүй байгаа. Дотоод интерьерийг бүрдүүлэх нэг хэсэг гэж үзэх хүн байж болох ч надад бол зүгээр л тавилга, эд хогшилын нэг. "Top floor"-ын худалдааны павильон үзэсгэлэнгийн үүднээс тавхан алхмын цаана байж байхад энд зай эзэлж байдаг мөнгөтэй л газар юм. Эсвэл үзэсгэлэнд оролцогчдын тоо гүйцдэггүй юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэгээд хоосон байлгахгүйн тулд "нүүрээ тахалж, нүхээ бөглөсөн хэрэг үү?". Цаад учрыг нь мэдэхгүйгээр хэтэрхий хөнгөмсөг дүгнэлт хийсэн бол уучлаарай зохион байгуулагчдаа.

Харин FOREX-ийн залуучуудыг бол илүү үзэж чадахгүй нь. Учир нь тэд үүдний хэсэгхэн зайг ашиглаж өөрсдийгөө сурталчилж чадсан юм. Боломжийг ашигласан нь тэр.

Энэ удаагийн уламжлалт үзэсгэлэн барилгын материал үйлдвэрлэгчдийн бүрэн ноёрхол дунд болж өнгөрлөө гэж хэлж болно. 30 хүрэхгүй барилга угсралтын компани 40-өөдхөн орон сууцыг борлуулах гэж оролцсон барилгын материал үйлдвэрлэгчид нийт павильоны 60 гаруй хувийг эзэлсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Дийлэнх нь хөөсөнцөр материал, блок, тоосго, полимер хоолой, цонх үйлдвэрлэгчид. Эдгээрийн чанарын талаар бичихэд мэдлэг дутах учир хэн нэгнийг гомдоохгүйн тулд дуугүй байсан нь дээр гэж бодож байна. Гэхдээ анхаарал татсан бүтээгдэхүүнүүд байсан юм. М-солид компанийн магнум дээвэр, хавтангууд, "Эрэл" компанийн тоосгонууд арай л өөр харагдаж байналээ.

Эцэст нь зөөврийн сууцнуудын талаар хэдэн үг хэлхэе. Гаднаас нь харахад бидний хэлж заншсанаар сендвичэн хавтангуудаар барьсан сууцнуудыг хэд хэдэн компани санал болгож байсан. Зарим нь энгийн хөөсөнцөр, зарим нь шилэн хөвөн дотортой гээд янз бүрийн хавтангуудаар торхоо барьж, халдаг шал, зөөврийн нойл зэргийг санал болгож байлаа. үнийн хувьд зарим нь 4 сая орчим, зарим нь 7 сая гээд бас л янз бүр. За тэгээд авах хүний сонголт л мэдэх хэрэг.

Үзэсгэлэн нэг иймэрхүү. "Нанчилдаангүй найрыг ямар найр гэх вэ" гэдэг шиг алдаа оноогүй үзэсгэлэнг ямар үзэсгэлэн гэх вэ. Тийм биз дээ?

Сэтгэгдэлүүд:

1. biochemiker | 2009-09-06 20:54:20
Зуу зун сая төгрөгөөр орон сууц худалдаж авсанаас шууд 2-3 давхар сайхан байшин барьсан нь дээр гэж боддог юм...
Монголд амьны орон сууц барихад ямар хүндрэл бэрхшээл байна? Нэг сайхан газар аваад сайхан байшин барья гэдэг, тойроод навсгар гэр хороолол болчихвол яах вэ? Цэвэр бохир ус, дулаан цахилгаан хэрхэн шийдэх вэ? гээд бодож үзсэн нь тун их, сүүлийн үед цаг заваараа хийдэг ажлын нэг болоод байгаа...
Санаагаар бол санаа нийлсэн 5-6 айлтай нийлээд том хашаатай, хамгаалалттай дотроо тус тусдаа хаус (эсвэл бөөр нийлүүлээд эсвэл давхар ч юм уу) бариад дэд бүтэц, мод бут, зүлэг ногоо тоглоомын талбай мэт тохь тухаа шийдчихвэл тун зүгээр санагддаг юм...
Энэ талаар цаг зав гарган бичээрэй!
2. m2 | 2009-09-06 23:48:46
Хүсэлтийг хүлээж авлаа.
3. Amuro | 2009-09-07 00:01:48
biochemiker-тэй санал нэг байнаа, би бас нийтээр байдаг байрнуудад дургүй,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog