Өнөөдөр Нийслэлийн Газрын албанд газрын ээлжит нээлттэй дуудлага худалдаа 10 цагт эхлэж, 10 минутанд дууслаа.
Зарласан ёсоор 2 байршилд 4 газар зарахаар үнийн санал авсан бөгөөд товлосон цагт саналын хайрцгийг задлахад газар тус бүр дээр нэг нэг үнийн санал ирсэн нь надад маш гайхалтай санагдлаа. Гайхалтай гэдэг нь саналын тоо цөөн байсандаа биш харин олон байсанд байгаа юм. Учрыг дор тайлбарлая.
1 дэх байршил буюу СХД-ийн 21-р хорооны нутаг, Шижирийн давааны ар хөндийд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 4 га (40000 м2) газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 249,1 сая төгрөг байлаа. Энэ хаанаас гарч ирсэн үнэ болохыг сонирхож байвал бяцхан тайлбар хийе.
Барилга хот байгуулалтын Сайдын 2007 оны 136-р тушаалын хавсралтаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал"-ыг баталсан байна. Энэхүү аргачлалд зааснаар Улаанбаатар хотын газрын суурь үнэ нь 8800 төгрөг бөгөөд уг үнийг газрын бүсчлэл, эзэмшил ашиглалтын төрлийг харгалзан засварлах итгэлцүүрээр үржүүлж газрын үндсэн үнийг тогтоодог. Шижирийн давааны газар нь үйлчилгээний зориулалттай ба 5-р бүсэд байршилтай тул итгэлцүүр нь 0,7 байлаа.
8800*0,7=6160
40000*6160=246 400 000
Үүн дээр техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулах, зураг эскиз хийх, зар сурталчилгаа, бичиг хэрэг гэх мэт зохион байгуулалтын зардал нийт 2,7 сая төгрөг нэмснээр дээр дурдсан дуудлага худалдааны анхны үнэ 249,1 сая төгрөг бий болжээ.
Дашрамд хэлэхэд, 2007 онд Шижирийн давааны 5 га газрыг (энэ удаа 4 га болж багассан байналээ) 23.3 сая төгрөгөөс эхэлж дуудахад өрсөлдөгч байхгүйгээс зарагдаагүй. Гэтэл яг тэр газрыг 2 жилийн дараа үнийг нь 13 дахин нэмээд зарах гэж үзлээ. Эндээс харахад газрын үнэ дангаараа аймшигтай инфляцид өртсөн гэмээр.
Зах зээлийн үнийг сонирхож үзвэл, манай аялал жуулчлалын гол бүс нутаг болох Тэрэлжид 1 га газар байршлаасаа хамааран 15-30 сая, Цонжин болдогт мөн байршлаасаа хамааран 5-15 сая төгрөг орчим байна. Гэтэл Шижирийн давааны ар хөндийд жуулчдыг татах гоц гойд юм юу байгаа билээ? Ганц илүү юм нь бэлэн техникийн нөхцөл боловч түүнд зарцуулсан зардал нь их биш (хувь хүмүүс өөрсдөө хөөцөлдөхөд гардаг зардалтай харьцуулахад) учир үнэд онц нөлөөлөхөөргүй байлаа.
2 дахь байршил нь БЗД-ийн 11-р хорооны нутаг, "Ургах наран" орон сууцны хорооллын урд төв зам дагуу, тус бүр 1 га (10000 м2) талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай зэргэлдээ 3 газар байлаа. Нийслэлийн 3-р бүсэд байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын итгэлцүүр нь 1,0 учир 1 м2 газрын суурь үнэ өөрчлөгдөхгүй. Ингээд дуудлага худалдааны анхны үнийг бодож гаргавал:
8800*1,0=8800
10000*8800=88 000 000
Үүн дээр нэгж газар бүрт зарцуулсан зохион байгуулалтын зардал 0,9 сая төгрөгийг нэмснээр 88,9 төгрөг болжээ.
2007 онд эдгээр газрын баруун талд бөөний худалдааны зориулалттай 1 га газрыг 23,3 сая төгрөгөөс дуудахад 24,7 сая төгрөгөөр "Дэлгэр интернейшнл" компани авч байж. (Сонирхолтой нь тэр дуудлага худалдаагаар СХД-т байршилтай, бөөний худалдааны зориулалттай 1 га газрыг мөн л 23,3 сая төгрөгөөс дуудахад мөнөөх "Дэлгэр интернейшнл" компани 89,7 сая төгрөгөөр авч байсан нь газрын байршил ямар их үүрэгтэй болохын тод жишээ юм.)
Энэ удаад 2007 онд зарагдаж байсан үнээс бараг 4 дахин илүү үнээр зарах гэсэн оролдлого бүтэлгүйтлээ. Дахиад инфляци ярих нь илүүц биз.
Миний бодлоор энэ удаагийн дуудлага худалдаанд нэг ч үнийн санал ирэх ёсгүй байсны учир нь анхны үнэ хэт өндөр байсных. Шулуухан хэлэхэд үнэ нь байршилтайгаа дүйцээгүй. Ингэж бодсоноос газар бүр дээр нэг нэг санал ирсэн байсанд гайхсанаа нуугаагүй юм. Гэвч дуудлага худалдааны журам ёсоор огт санал ирээгүй , эсвэл нэг санал ирсэн бол тухайн газрыг өрсөлдөгчгүй гэж үзэн дуудлага худалдааг хүчингүй гэж тооцдог ёстой. Энэ журмын дагуу 10 минутанд дууссан нь тэр.
Хэрэв дуудлага худалдаа ном ёсоороо болсон бол тэр саналууд хүчингүй болох байсан нь удалгүй тодорхой болсон. Тэдгээр саналуудыг ирүүлсэн хүмүүс бүгдээрээ дуудлага худалдааны журам зөрчиж, анхны үнийн дүнгийн 10 биш, 1 хувь ч хүрэхгүй мөнгийг дэнчин болгож банкинд байршуулсан байжээ. Шалтгаан нь... инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр.
Бүх саналуудыг Д овогтой Н гэдэг эмэгтэй ирүүлсэн байсан бөгөөд тэрээр сонингийн зараас 249 100.0 /мян.төг/ гэснийг шууд 249 мянга 100 төгрөг, 88 900.0 /мян.төг/ гэснийг 88 мянга 900 төгрөг гэж ойлгон тус бүрд нь 10 хувийн дэнчин банкинд тушаасан юмсанж. Эмэгтэй ярихдаа "Ийм аймаар үнэтэйг нь мэдсэн бол яалаа гэж оролцох вэ, бага үнээс дээшээ дуудаад л явдаг юм байх гэж бодсон. Гадуур хувь хүнээс газар авсан нь хамаагүй хямдхан юм байна" гэж халаглаж байлаа.
Дуудлага худалдаа амжилтгүй болсон шалтгааныг Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сундуй "аргагүй дээ, хямрал болоод газартай манатай л байх шиг байна" гэж хялбархан тайлбарлаж байх юм. Сайд, дарга нар минь өндөр тоо хэлэхэд хүргээд байгаа "үнэ тогтоох аргачлал" чинь илүү хямралд өртсөн юм биш үү.
"Өнгөрсөн онд 13 байршлын газрыг дуудлагаар худалдаж, 2,3 тэрбум төгрөг төсөвт оруулсан. Дуудлага худалдаагаар зарсан газрын үнэ өмнө нь жилд 400-700 сая төгрөгт хэлбэлздэг байлаа. Заримдаа бүр жилд 200 саяыг дуудлага худалдаанаас оруулж байсан. Дуудлага худалдааны анхны үнэд өөрчлөлт орсон юм. Ам метрийн үнэлгээ өөрчлөгдсөн нь ч нөлөөлсөн байх." (Нийслэлийн Газрын албаны дэд дарга М.Буяндэлгэрийн ярилцлага. Бизнесийн мэдээ. 2009/01/29)
Үүнээс үзэхэд газрын хэрэгцээн дээр дөрөөлж, дуудлага худалдаагаар ил цагаанаар ашиг олох сонирхол Төрд асар өндөр байгаа нь илт.
Болох гээд болоогүй дуудлага худалдааны дараа нэг нөхөр "Ургах наран" хорооллын тэнд нэлээн хэдэн га газар санал болголоо. Авахгүй ч гэсэн үнэ асуух нь миний ажил болохоор сонирхож үзтэл 1 га-г нь 88 саяас яриад өгчихнө гэнэ.
Энэ одоо юу болж байнаа. Газрын үнэ хөөрөгдөгч нь Төр өөрөө бус уу?
|
1 |
Газрын байршил |
СХД-ийн 21-р хорооны нутаг Шижирийн давааны ар хөндийд |
БЗД-ийн 11-р хорооны нутаг, "Ургах наран" орон сууцны хорооллын урд хэсэгт, зүүн аймаг Налайхын чиглэлийн авто зам дагуу |
||
|
2 |
Зориулалт |
Аялал жуулчлал |
Худалдаа үйлчилгээ |
||
|
3 |
1 м2 газрын суурь үнэ /мян.төг/ |
6.160 /V бүс/ |
8.800 /III бүс/ |
||
|
4 |
Газрын хэмжээ |
4 га |
1 га |
1 га |
1 га |
|
5 |
Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/ |
246 400.0 |
88 000.0 |
88 000.0 |
88 000.0 |
|
6 |
Зураг эскизийн үнэ |
1800.0 |
1800.0 |
||
|
7 |
Зар сурталчилгаа, бичиг хэргийн үнэ |
900.0 |
900.0 |
||
|
8 |
Дуудлага худалдааны анхны үнэ /мян. төг/ |
249 100.0 |
88 900.0 |
88 900.0 |
88 900.0 |
|
9 |
Зарагдсан үнэ |
- |
- |
- |
- |
|
10 |
Авсан эзэн |
- |
- |
- |
- |
Газрууд нь зарагдаагүй тул дуудлага худалдааны журам ёсоор 14 хоногийн дараа дахин дуудлага худалдаа болно.

Сэтгэгдэлүүд:
Агай-д: Газар олдох боломж байгаа ш дээ хө. Тун удахгүй яаж газар авч болох тухай бичих санаа байгаа, уншаарай.
Чимгээ-д: будилаантайгаар барах уу
Сэтгэгдэл үлдээх: