Шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэдэд зориулав

Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд шинээр нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрыг яаж авах талаар товчхон зөвлөгөө хүргэе . Энэхүү зөвлөгөө нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт газар авахаар хөөцөлдөж байгаа хүмүүст илүү хамааралтай боловч, хотын бусад дүүрэг болон бүс нутагт оршин суудаг иргэдэд мөн адил хэрэг болж магадгүй. Гэхдээ бүрдүүлэх бичиг баримт нь хуулинд заасны дагуу бүгд ижил байх ёстой боловч, тухайн орон нутгийн газрын албадын үйл ажиллагааны дотоод журмаас хамааран газар олгох шат дараалал нь бага зэрэг өөр байх боломжтойг анхаараарай.

   1.    2009 оны төлөвлөгөөний дагуу хотын төвийн 6 дүүрэгт газар олголт дууссан байгаа тул иргэнд үнэгүй өмчлүүлэх газрын 2010 оны нэгдсэн төлөвлөгөө батлагдахыг хүлээнэ. Төлөвлөгөөг оны сүүлээр НИТХ-аар батлах ёстой ба Дүүргүүдийн ИТХ-аас боломжтой гэж үзсэн байршлуудад нэмэж газар олгох тухай шийдвэр гаргаж болно. Төлөвлөгөөг батлах нь амар ажил биш. Учир нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газар дээр хүн амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд худаг ус, тог цахилгаан, нийтийн тээврийн асуудлыг шийдсэн байх учиртай. Энэхүү нэгдсэн төлөвлөгөөнд хаана, ямар байршилд, хэр хэмжээний газрыг хэдэн айлд өмчлүүлэхийг зааж өгдөг. Төлөвлөгөөг баталсны дараа нийслэлийн газрын албаны цахим хуудсаар нийтэд мэдээлэх ёстой учир сонирхсон иргэд орж үзэж байхад гэмгүй.

   2.    Нэгдсэн төлөвлөгөө батлагдсаны дараа дүүргүүдийн газар зохион байгуулагчид дурдсан газруудад хэмжилт хийж, айлуудын газрыг зохих хэмжээгээр урьдчилан хувааж, дугаарлана. Жишээ нь Хан-Уул дүүргийн Өлзийт хороонд 135 га газрыг 2000 айлд олгохоор шийдвэрлэсэн бол тус дүүргийн газар зохион байгуулагчид газар дээр нь очин хэмжилт хийж, нэг айлд оногдох боломжтой 675 м2 газрыг айл тус бүрээр нь зааглан, 1-2000 хүртэл дугаарлана. 675 м2 газар гэдэг нь энгийн жишээ боловч "Хуулинд Нийслэлд 0,07 га буюу 700 м2 хүртэл хэмжээтэй газар гэж заасан болохоос яг 700 м2 газар гэж заагаагүй, боломжоороо л олгож байна" гэдэг хариултыг та алхам тутамдаа сонсоход бэлэн байгаарай.

   3.    Үүний дараа газрын албаны урьдчилсан бэлтгэл ажил хангагдсан бол иргэдээс өргөдөл, хүсэлт хүлээж авах ажил эхэлнэ. Дүүргийн газрын алба тус бүр ажлаа хэр хурдан зохион байгуулж байгаагаас хамааран харилцан адилгүй хугацаанд иргэдээс өргөдөл хүлээж авдаг. Өргөдлийг хүлээж авахдаа өргөдөл дээр нь дугаарлаж, танд өргөдөл хүлээж авсан тухай бичиг өгнө. Өргөдлийн дугаар ямар ач холбогдолтойг дор дурдана. Иргэдийн хувьд хамгийн чухал үе энэ бөгөөд хэдийд, аль дүүрэг өргөдөл авч эхлэхийг мэдэх нь чухам таны урт чих, овсгоо самбаанаас хамаарна. Жишээ нь, өнгөрсөн зун СХД дээр нээлттэй хаалганы өдөр зарлан, ганцхан өдрийн дотор бүх өргөдлөө авсан байна. Өргөдлийг олгох ёстой газрын тооноос илүү гаргаж авахгүй байгааг анхаараарай.

   4.    Дүүргийн газрын алба иргэдээс зохих тооны өргөдөл авч дууссаны дараа өргөдлийн дугаарын дагуу газрыг хуваарилж, иргэдэд оногдсон газар дээрээ кадастрын зураглал хийлгүүлэхийг мэдэгдсэн зар тараадаг. Жишээ нь, таны өргөдийг хүлээж авахдаа дээр нь 48 гэсэн дугаар тавьсан бол танд 48 дугаартай газрыг хуваарилж, та 48 дугаартай газрыг л авна. Өөр сонголт байхгүй.

   Өнөөдрийн байдлаар кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй 60 компани байна. Ер нь бол эдгээр компанийн алинаар нь үйлчлүүлэх нь таны эрх боловч дүүргийн газрын албад танд хэдхэн компанийн нэрийг санал болгоно. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз. Гэхдээ танд санал болгосон компаниудаар үйлчлүүлэхэд нэг давуу тал бий. Танд хуваарилагдсан газрын хажууханд тантай адил кадастрын зураглал хийлгүүлэх хүсэлтэй хүмүүс мөн тэр компанид хандсан байх нь их тул хамтдаа компанийн мэргэжилтнийг авч явж, газрынхаа байршлыг тодорхойлуулбал унааны зардалаа (шинээр олгож байгаа газруудын байршил хотын төвөөс их зайтай байгаа) хэмнэх боломжтой. Байршилаа тодорхойлуулсны дараа газар дээрээ хатгаж, зоож, тэмдэг тавих мод, төмөр гэх мэт нүдэнд харагдаж, гарт баригдахуйц материал авч явахаа мартав. Явж ирснийхээ дараа мэргэжилтэн нөхрөөс кадастрын зургаа авахаа бас мартав. Тэд харин танаас мөнгө авахаа мартахгүй байх. Кадастрын зургаа компани болгон өөрөөр үнэлдэг тул яг тэд гэж хэлж чадахгүй нь. Дунджаар 50 мянга, наанатай цаанатай гээд бодчих.

   5.    Кадастрын зураг хийлгэсний дараа нөгөө тэмдэг тавьсан газар дээрээ хашаа барих том ажил тулгарна. Хуулинд заавал хашаа барих тухай заалт байхгүй ч дүүргийн газрын албад ийм шаардлага тавьж байгаа. Учир нь таны тавьсан тэмдэг гэх мод, чулуу, блок, төмөрийг нүд ирмэхийн төдийд хэн, хэзээ, хаана тавьсан нь мэдэгдэхгүй болгон, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх наян настай чавганц, нялх нойтон хүүхэдтэй ганц бие эмэгтэй дан гэрээ дэрвүүлээд очоод буучих аюултай тул нанчилдах хэцүү, найр тавих бүр хэцүү байдлаас таныг аврах гэсэн санаа аж. Нөгөөтэйгүүр нийслэлийн иргэн бидэнд хашаа барина гэдэг хөрөнгө зардал талаасаа ч тэр, хүн хүчний талаасаа ч тэр алга урвуулахын төдийд бүтэх ажил биш нь ойлгомжтой тул энэ байдлаас яаж гарахаа өөрсдөө мэднэ биз.

   6.    Одоо нэг юм тайлбарлах хэрэгтэй болох нь. Нийслэлээс өмчлүүлэхээр баталсан газрыг Дүүргийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд эхлээд заавал эзэмшүүлж байж, дараа нь өмчлүүлэхээр шийдвэрлэдэг нь түгээмэл үзэгдэл болжээ. Тиймээс та газраа өмчилж авахын өмнө эзэмших эрхтэй болохын тулд дүүргийн газрын албанаас "газар эзэмшихийг хүссэн иргэний өргөдөл" гэсэн албан ёсны гоё маягт авч бөглөөд, баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зургаа эзэмшлийн гэрчилгээний үнэ 10000 төгрөг төлсөн баримттайгаа хавсаргаж өгөөд Дүүргийн Засаг даргын захирамж гарахыг 1 сар хүлээнэ. Захирамж гарсны дараа дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулна. Мөн нөгөө хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа газрын албаны мэдээллийн санд оруулж, 2500 төгрөг төлнө.

   Хэрэв заавал эзэмшүүлнэ гэхгүйгээр шууд өмчлүүлж байвал "монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл" гэсэн албан ёсны бас нэг гоё маягт авч бөглөөд баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зургаа хавсаргаж өгнө. Өмчлөх эрхийн гэрчилгээг газрын алба өгдөггүй тул гэрчилгээний мөнгө төлөх шаардлагагүй.

   7.    Эзэмшсэний дараа нь яах вэ гэдэг нь таны сонголт. Энэ чигээрээ газраа эзэмшээд явж болно, эсвэл өмчлөх хүсэлт гаргаж болно. Хэрэв өмчлөхөөр шийдсэн бол мөнөөх дүүргийнхээ газрын албанаас нөгөөх "монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл" гэсэн гоё маягтаа авч бөглөөд, баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээнийхээ эх хувийг хавсаргаж өгнө.

   Өмчлүүлэх шийдвэрийг Дүүрэг биш Нийслэл гаргах бөгөөд та Нийслэлийн Засаг даргын захирамжыг 3 сар хүлээнэ. Баримт материалуудаа бүгдийг нь дүүрэг дээр бүрдүүлж өгөх ба нийслэлийн газрын албанд ямар ч материал хүлээж авдаггүй гэдгийг санаарай. Таны материалыг үндэслэн дүүргийн Засаг дарга нийслэлрүү хүсэлт явуулж захирамж гаргуулдаг гэсэн үг.

   8.    Таны өмчлөх хүсэлт гаргасан газрыг таны нэр дээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар газрын албаны ажил үндсэндээ дуусгавар болно. Өөрөөр хэлбэл таны хүсэлтийг ёсоор болгож, төрийн өмчийн газрыг таны хувийн өмчид шилжүүлсэн шийдвэр гарснаар төрийн байгууллага болох газрын албаны эрх мэдлийн хэмжээ дуусч байгаа нь тэр. Харин та уг захирамжийн хуулбарыг, мөн хянан баталгааны хуудас гэж нэг жижиг цаасыг олж авах ажилтай болно.

Анхаар! Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар газар бүрэн таны өмч болохгүй гэдгийг сана. Танд дахиад нэг ажил байна.

   9.    Танд  өмчлүүлэхээр захирамж гарсан газраа Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бидний ярьж заншсанаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, том ногоон гэрчилгээ авсны дараа л та өөрийн өмчийн газартай боллоо гэж бүрэн дүүрэн итгэж болно. Гэрчилгээтэй газраа яах нь таны дур шүү дээ, гэхдээ мэдээж хуулийн хүрээнд. Үл хөдлөхөд бүртгүүлэхэд шаардлагатай материалууд энэ үед танд бүгд бүрдсэн байх тул нотариатын хөлс, гэрчилгээний үнэ төлөхөд хэрэгтэй 10 гаруйхан мянган төгрөгөө халааслаад очоорой.

 

   Гадаадад байгаа иргэн, хүүхэд, өнчин хүүхэд, цэргийн албан хаагч, хорих ял эдэлж байгаа, эрх зүйн чадамж нь шүүхээр хязгаарлагдсан болон сэтгэцийн өвчтэй иргэд тус бүр өөрийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан газраа авах боломжтой.

 

Сэтгэгдэлүүд:

1. m2 | 2009-10-21 15:48:18
Хүнд хэрэгтэй юм ганцыг орууллаа даа. Өөртөө баярлав.
2. iin | 2009-10-21 15:49:59
заавал хашаа бариж газар авах асуудлаас болоод үнэгүй өмчлөх хугацаа дуустал газартай болж амжихна уу,
3. Баяраа | 2009-10-21 15:54:31
Явдал суудал чирэгдэл ихтэй л юм. Өлзийт хороо гэж Яармаг мөн үү?
Дараа жилээс нэг хөөцөлдөөд үзвэл нөгөө авилгалд өгсөөр байгаад гуйлгачин болох юм болов уу яадаг бол хө?
4. biochemiker | 2009-10-21 16:02:24
газар олж хашаа хатгана гэдэг чинь аймаар ажил байна лээ... Уг нь газрын албадуудын хийх ёстой ажил баймаар... Аль хэдийнээ судлаад, хуваагаад "бэлдчихсэн" байх ёстой баймаар юм... Кадастрын зураг гэдгийг эхэлж зураад дараа нь олгодог журам Германд бий... Үзэж байгаад л таалагдсан "хэрчим"-ээ авдаг нь зүгээр санагдсан шүү...
5. m2 | 2009-10-21 16:05:31
iin-д: өөрсдөө аргаа ол гэж бичсэн байгаа биз дээ...хэхэ...зарим дүүргүүд нэлээн хатуу шаардаж байгаа ч зарим нь гайгүй байналээ.

Баяраа-д: Өлзийт хороолол Яармагаас цааш, айдсын даваа даваад баруун урагшаа байдаг даа. Өргөдлөө өгч чадвал заавал авилга өгөх шаардлага юу байна.
6. m2 | 2009-10-21 16:09:32
biochemiker-т: Газрын албад хэрэндээ л ажиллаж байгаа санагддаг. Улаанбаатарын хувьд газар бараг байхгүй болж байгаа учраас оногдсон газраа үг дуугүй авахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэрнээс хөдөө орон нутагт бол чөлөөтэй сонгож бололгүй яахав.
7. Tlg_UB | 2009-10-21 16:42:45
Их хэрэгтэй мэдээлэл байна. Ёс журмаар нь явбал ийм зам туулах, эсвэл нөгөө замаар нь явбал магадгүй сарын дотор бүтчих асуудал байх.
8. chimgeeitgel | 2009-10-21 17:55:06
хэрэгтэй мэдээлэл байна, баярлалаа. тэгээд энэ бичэг баримтыг нь бүрдүүлээд өгвөл бүтдийм уу? танил талаараа авдаг гээд ойлгочихжээ. газрын асуудал будилаантай гдг ярианаас болоод.
9. Agai | 2009-10-21 19:01:53
надаа газар хэрэгтэй байгаа шүү мэдэж байгаарай
10. biochemiker | 2009-10-21 20:20:06
За, нэг газар хашаад авлаа... Байшин барихад ямар хүндрэлүүд байна вэ? Тэр талаар бичээрэй!
Баярлалаа... Хүмүүст хэрэг болохуйц сайхан эмх цэгтэй, ойлгомжтой тайлбарласан мэдээлэл байнаа...
12. Julia_976 | 2009-10-21 23:32:05
Дандаа л хэрэгтэй мэдээлэл оруулдаг шүү дээ. Баярлалаа.
13. m2 | 2009-10-22 03:13:09
Tlq UB-д: аль ч замаар нь явсан хугацаа бол ижил гэж бодож байна. Ганцхан танд зориулж захирамж гарахгүй л бол.

Чимгээ-д: Яг өргөдөл авч эхлэх үед нь амжаад өгч чадвал авалгүй яахав. Бүх юм хэцүү болсон гэж ойлгож болохгүй.

Агай-д: Эртхэн итгэмжлэлээ өгч явуулах хэрэгтэй дээ.
14. m2 | 2009-10-22 03:17:58
Биохимич-д: Удахгүй тийм бичлэг оруулна гэж хэлж чадахгүйнээ хө. Яваандаа бол санаа байна.

Билжуухай-д: баярлалаа...та манайхаар нэг шагайдгийн байжээ. Өнөөдөр ч үнэхээр олон юм давхацсан сайн өдөр бололтой...хэхэ

Жулиа-д: баярлалаа хө, орж гарч байгаарай. Хүнд хэрэгтэй юм тавих юмсан гэж хичээж л байна.
15. bonne fee (зочин) | 2009-10-22 07:12:44
hm, gazraa gj...yos jurmaaraa ingeed yavdg bolchuul mn saikhnaa...
16. m2 | 2009-10-22 12:38:13
харин тиймээ, хэлээд юухэв
17. Aagii (зочин) | 2009-10-22 13:15:35
Xuue xu ... suuliin uguulber ix anxaaral tatlaa. Itegmjlegdsen tuluulugchuur uuriig chin tabiad gazar olood uguuch gebel ta xedii xemjeenii xuls abax uu. Tegej uilchlex bolomj bn uu... Abilgald xediig ugdiin ternees medeej xyamd bx tee...xe xe xe
18. biochemiker | 2009-10-22 17:06:58
Ингэхэд УБ хотын аль дүүрэгт нийгмийн ямар төвшний хүмүүс төвлөрч байна вэ? Ийм ялгарал гарсан уу?
Сайн хөрштэй байна гэдэг маш чухал.
Баруунд эмч багш нар гол төлөв амьдардаг дүүрэг эсвэл гудам байхад баячууд, эрх мэдэлтэнүүд эсвэл нийгмийн ядуу бүлэг төвлөрөн амьдардаг дүүргүүд хаа нэгтээ нь бас байх... Энэ талаар товч коммент бичээрэй!
Чиний блог их таалагддаг шүү!
19. m2 | 2009-10-23 15:08:10
аагий-д: Чи монголдоо байгаа юм чинь өөрөө хөөцөлдөөд авсан нь дээр биз дээ.

биохимич-д: Гайгүй боломжтой хүмүүс нь Зайсанд төвлөрч байх шиг байна даа одоо бол. Зайсангийн гүүрний хойно урд урд нь хуучин хороолол байгаагүй болохоор дан шинэ барилгатай их дажгүй болж байгаа. Гэм нь гүүрнийхээ хойд талд жаахан замбараагүй, төлөвлөлт муутай, харин урд талдаа арай гайгүй хотхон маягтай баригдаж байна даа. Замын цагдаагийн урд талд Жаргалан, Оддын, Наран, Дүнжингарав, Баянмонгол, Сүмбэр орд, Кристалл таун гээд үргэлжээрээ дан шинэ хотхон, хорооллууд баригдаж боломжийн цэвэрхэн орчинг бүрдүүлсэн шүү.
20. pinkrose | 2009-11-10 14:57:42
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа. Газраа авчаад хашаагаа бариад удаагүй байтал хашааг нь хулгай хийчихдэг зүйл их гарч байна өө. Зарим айлууд нь хашаагаа барихдаа зааж өгсөнөөс нь илүү барьчиад бөөн асуудал болжийн цаагуур чинь, танилтай нэгэн нь аргалаад болчиж байна, танилгүй нэгэн нь хашаагаа ахиж нурааж байгаал хэмжээгээ багасгаж байна ккк
21. m2 | 2009-11-10 17:53:51
Харин тиймээ, хэцүү юм их байгаа. Хүмүүс очиж бүрэн суурьшихаас нааш хашаа хороогоо маллана гэдэг бэрх юм шиг байналээ...Танилтай бол томруулж барьсан хашааг тэр чигээр нь үлдээнэ гэдэг чинь сонин юм даа. Хажууд нь газар авсан хүмүүс яах хэрэг вэ?
22. pinkrose | 2009-11-11 10:35:56
Мэдэхгүй ээ тэгдэг юм билээ. Хэмжээнээсээ хамаагүй том байхад өө зүгээрээ аргалаад оруулчихна гэдэг хүмүүс нилээн байсан...Тэрнээс гадна манай дүүргийн газрын албаныхан аймар баяжиж байна дө ккк
23. m2 | 2009-11-11 14:12:40
Сонин л юм даа...Газрын албаныхан ч тусгай сэдэв л дээ угаасаа.
24. боогий (зочин) | 2009-11-17 15:03:05
Газрын албаныхан танил талаараа байрлал гайгүй газрыг авчихаад дараа нь үнэ хүргэж зараад мөнгөө хуваагаад авчихдаг юм билээ.Монгол хүн байна даа өөрийн гэсэн жаахан ч гэсэн газартай болохсон.
25. m2 | 2009-11-17 20:02:30
Шантрах хэрэггүй шүү хө. Авах юмаа авч л санаа амрах хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog